Ц.Нямдорж: Д.Мөнх-Эрдэнэд доромжлуулаад тэвчээд явснаас гомдол гаргаж байгаагүй
ХЗДХ-ийн Сайд асан Ц.Нямдоржийг Д.Мөнх-Эрдэнийг яллахад нөлөөлсөн, хүү Н.Анхбаяртайгаа хамссан гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор тэрбээр байр сууриа илэрхийллээ.
-Таны хүү Анхбаяр, та хоёрыг нөлөөлж Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хориулахад цаагуураа нөлөөлсөн гэж хардаад байгаа?
-Яаж захиалга өгч хүн шийтгүүлдэг юм бэ. Хийсэн хэргийнхээ төлөө л хариуцлага хүлээсэн юм байгаа биз. Би болон манай хүү ямар ч гомдол гаргаагүй.
Д.Мөнх-Эрдэнэ гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэднийг нь бодож би гомдол гаргаагүй. Би хүүхэдтэй ч хэлсэн. Битгий гомдол гарга гэж. Өнгөрсөн хугацаанд зөндөө л харлуулж, гүтгэж, доромжилсон. Харин ч өнгөрсөн хугацаанд тэвчээд, тэсээд явснаас гомдол гаргаж байгаагүй. Хэрэв яллах байсан бол тэр төрийн ордны дээгүүр дрон нисгэх үеэр яллах байсан. Гурван жилийн ялтай шүү дээ. Гэтэл би тэгээгүй. Өнгөрсөн хугацаанд маш олон сэтгүүлч гүтгэж байсан. Би нэг ч гомдол гаргаж байгаагүй.
Шүүх буруу шийдэхийг үгүйсгэхгүй. Содномдаржаа, Чимгээ нарын хэргийг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан, намайг худлаа ярьсан гэж дайраад байсан. Бүтэн 6 жил энэ хоёрыг тамалсан. Хэрэг нь задраад 2 жилийн хугацаа өнгөрч байна. Уг нь анхнаасаа ойлгомжтой байсан. Ойлгож ядаад байх зүйлгүй л байсан. Бадамжунайг би танилгүй яах вэ. Гэхдээ ямар асуудалд орсныг би мэдэхгүй. Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож болдоггүй. Хэрэг их алдагдаж байна шүү дээ. Ингэж болохгүй. Содномдаржаа, Чимгээ нарын хэрэг дээр шүүхийн шийдвэр гарсны дараа би ярьж байсан. Аливаад хэзээ орохоо ойлгодог байх ёстой. Өнөөдөр нь зарлаад маргааш нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
-Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тал дээр ямар байр суурьтай байна. Таныг Хууль зүйн сайд байх үед эрүүдэн шүүсэн гэдэг асуудал яригдаж байсан.
Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр хүн шоронд л үхэх байсан. Нарийндаа бол тэр үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын бүх байгууллагын дарга нартай хатуу тэмцэл хийсэн асуудал байсан. Ийм нийгэмд хүнийг цусгүй хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй. Тэр үед дарангуйлал тогтчихсон түүнийг нураах гэж би байдаг бүхнээ тавьж тэмцсэн хүн. Тэр Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачин захиалагч байхгүй ч захиалгаар хүн алсан гэж шийтгэсэн. Гурван шатны шүүх тийм л байсан. Тэр ажлыг зохион байгуулсан бүх хүнийг зайлуулж байж арай гэж хүмүүс хөдөлсөн. Одоо над руу дайраад байгаа асуудал чинь үүнээс улбаатай. Би дарангуйлал гэдгийг үзэн яддаг хүн. Хүн хэлмэгдүүлэхийг үзэн яддаг хүн.
-Монголын төр энэ хоёр хүнээс уучлал гуйх ёстой гэсэн үү?
-Гуйх биш бүх хохирлыг нь нөхөн төлүүлэх ёстой.