Бэлэн долоон тэрбум төгрөгийг хураасан С.Батдөлийг АТГ-тай хамтран шалгаж байна
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос долоон тэрбум төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэгдүгээр сард хураасан.
Өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт болсон хэвлэлийн хурлын үеэр энэ хэргийг явцыг тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авлигын хэргийн шинж тэмдэг илэрсэн тул АТГ-ын мэргэжилтнүүд цагдаа нартай хамтран хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, түүнийг хорьж байна” гэв.
С.Батдөлд:
- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
- Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан,
- Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.