Нийслэл дэх хоёр лабораторийн нэг “Нийслэлийн лаборатори”-ийг шинэчлэх шаардлагатай байна

Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажилладаг хоёрхон лабораторийн нэг болох “Нийслэлийн лаборатори”-ийг шинэчлэх шаардлагатай байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд лабораториудыг чадавхжуулах зорилгоор Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид ажиллалаа.
Тус лаборатори нь чанарын бодлого, зорилтыг хэрэгжүүлж, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангахуйц чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэвшүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны бохирдлын шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийж гүйцэтгэдэг нийслэлийн хоёрхон лабораторийн нэг юм. Хэдий нийслэлдээ томоохонд тооцогдох лаборатори ч гэсэн 2012 оноос дорвитой хөрөнгө оруулалт тусгагдаагүйгээс ажиллах орчин, барилгын бүтээц, тоног төхөөрөмж нь муудсан талаар тус лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа хэлж байлаа. Иймээс зарим хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй болж, үндэсний үйлдвэрлэгчид Япон, Солонгос зэрэг гадаадын лабораториудад өндөр үнээр шинжлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байна. Стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд нэн тэргүүнд лаборатрийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцөө бэлдэх, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх ажлаас эхлэх нь зүйтэй. Тиймээс энэ лабораторид нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж, Олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийн тулд зорьж ажиллана” гэлээ. Мөн Хүнсний тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт буурсан. Үүнийг журмаар зохицуулж, түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт тогтмол явуулахыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болголоо.
Нийслэлийн лаборатори нь жилд дунджаар 8000 дээжийг 32000 үзүүлэлтээр шинжилдэг бөгөөд хамгийн сүүлд 2019 онд 54 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 1194 үзүүлэлтээр хими, хор, микробиологи, ургамал хорио цээрийн шинжилгээ хийхээр итгэмжлэгдсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments