ХЭҮК-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг сайд болон Засаг дарга нарт үүрэг болгов
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулга хийсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт тус тус даалгажээ.
Мөн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасан аж. Тус комиссын гишүүдээс гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов.