Шинэ Зеландад тэнэмэл мууруудыг хүүхдүүдээр агнуулах тэмцээнийг цуцалжээ
Шинэ Зеланд улсад тэнэмэл мууруудыг хүүхдүүдээр агнуулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаад цуцалсан байна. Жил бүр тус улсад зэрлэг гахай, буга, туулай гэх мэт амьтан агнадаг тэмцээн явагддаг. Харин энэ жил тус тэмцээн хүүхдүүдээр тэнэмэл муур агнуулах төрөл нэмж оруулах гэж байжээ.
Мягмар гарагт (2022.04.18) Шинэ Зеландын Амьтдын Эрхийг Хамгаалах Нийгэмлэг хүүхдүүдээр тэнэмэл муур агнуулах төрлийг цуцалсанд баяртай байна гэсэн мэдэгдэл хийжээ. Тус нийгэмлэгийн төлөөлөгч хүүхдүүд байтугай насанд хүрсэн хүмүүс хүртэл мууруудыг тэнэмэл эсвэл эзнээсээ төөрсөн гэдгийг ялгаж чадахгүй гэж хэлсэн байна. Гэвч Шинэ Зеландад тэнэмэл муур нь хүрээлэн буй орчинд хортой амьтанд ордог аж. Тус улсын Ой, шувуу хамгаалах нийгэмлэг тэнэмэл муурууд жил бүр 1.1 сая шувуу барьж хүрээлэн буй орчинд хохирол учруулдаг гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ