| |

С.Оюун: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв шийдвэр

Өнөөдөр /2023.04.20/ төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь 1962 оны 4 дүгээр сарын 20-нд мэндэлж, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр нас барсан билээ. Өнөөдөр тэрбээр амьд сэрүүн байсан бол 61 нас хүрэх байсан юм.

Түүний хөшөөнд төрсөн дүү нь болох УИХ-ын гишүүн асан С.Оюун цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Засгийн газраас С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож буйг мэдэгдсэнтэй холбогдуулан түүнээс байр суурийг нь тодрууллаа.

Сайд асан С.Оюун  “Миний ах Санжаасүрэнгийн Зориг 61 нас хүрэх байсан. Найз нөхөд нь болон “Зориг” сангийнхан цэцэг өргөдөг. Өчигдөр мэдээ сонссон. Би өөрөө Монголд биш гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Цөөн хэдэн хоногоор ирсэн. Би бол зөв гэж бодож байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдуулж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосныг би зөв гэж бодож байгаа.

2016 онд анх энэ хэргийн материалтай танилцаж байсан. Тэр үеэсээ л би итгэл, үнэмшилгүй байна гэдгээ хэлж байсан. Анхан шатны шүүх хурал 2016 оны арваноёрдугаар сард болж байсан. Тэр үед хэргийн материалыг бүгдийг нь төрийн нууцад аваад, Шүүх хуралдаан хаалттай болж байсан учраас бид гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Шүүх хуралд оролцож байгаагүй. Нууцаас гаргахыг шаардаж байсан. Харамсалтай нь, гурван шатны шүүхээс тэдгээр хүмүүст ял оноосон, шоронд орсон. Энэ хүмүүсийг би хэлмэгдсэн гэж боддог.

Хэргийг нууцаас гаргах асуудлыг Ц.Нямдорж гишүүн санаачилаад урагшлуулан манай өмгөөлөгч ч анхнаас нь нууцаас гаргах шаардлагыг тавьж байсан. Ний нуугүй хэлэхэд, энэ хэргийг илрүүлж чадахгүй маш олон жил өнгөрлөө. Сүүлдээ, гэр бүлийнхэн бид юу гэж боддог болсон гэхээр хүнийг нь олж чаддаггүй юмаа гэхэд гэм буруугүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж үздэг болсон.

Хэрэв буруу илрүүлээд хүмүүсийг хэлмэгдүүлээд хаагдаад дууссан бол жинхэнэ захиалагч эзэн нь олдохгүй түүнийг дарагдуулах гэсэн хардлага үлдэнэ. Би дахин хэлэхэд энэ хэрэг илрэхгүй 25 жил боллоо. Гэр бүл бидний хувьд насан туршдаа л гомдолтой байна. Илрээсэй гэж маш их хүснэ. Сүүлдээ илрэнэ гэхээсээ илүүтэй битгий хүнийг хэлмэгдүүлээсэй гэдэг тийм л байдал руу хүрч байна. Үүнийг прокуорор, шүүх, цагдаа цаашид үргэлжүүлээд явах л ёстой. Зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Улс төрийн том зүтгэлтэн, ардчиллын гол лидер байсан. Ийм хар толбо монголын ардчиллын түүхэнд шийдэгдэхгүй үлдэж болохгүй.

Зориуд нэг зүйлийг хэлэхэд, энэ хэрэг буруу явж байна гэдэг дээр Ц.Нямдорж гишүүн, Х.Нямбаатар сайд, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд нар тууштай байр суурь илэрхийлж, анхаарал тавьж байгаад баярлаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *