Шатрын сурагчдын дэлхийн аваргаас Монгол Улсын шатарчид 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
Грекийн Родес хотод дөрөвдүгээр сарын 13-23-нд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 53 орны 530 орчим тамирчид хөвгүүд, охид тус бүр зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 30 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа уралдуулав. Монгол Улсаас зургаан шатарчин медаль (2 алт, 3 мөнгө, 1 хүрэл) хүртсэн бөгөөд охидын 7 хүртэлх насны ангилалд “Их мастер” академийн тамирчин Ц.Гэрэлт-Оюу, 11 насанд “Стейниц” академийн тамирчин Б.Буянхишиг нар тус бүр 8.0 оноогоор алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Тэгвэл хөвгүүдийн 13 насны ангилалд “Босоо ноён” клубийн тамирчин Г.Тэнгүүндалай 7,5 охидын 9 насанд “Босоо ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн 8.0, 13 насанд “Мончесс” академийн тамирчин Г.Урангоо 7.5 оноогоор нар мөнгө, “Гэгээн Арвай” клубийн тамирчин Н.Содгэрэлт 6.5 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Эх сурвалж: MGLsport.com