Кино урлагийн отгон продакшны “Зүрхэн зүг” бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ
Монголын кино урлагийн салбарт хамгийн бүл нэмж, отгон продакш болох “Warm Pictures” мэндэллээ. Тэд өнгөрсөн баасан гаригт түүхэн жанрын анхны уран бүтээл “Зүрхэн зүг” киногоо нээн Монголын үзэгчдэд толилуулсан юм.
Киноны нээлт дээр нэг эрхмийг онцлох нь зүй биз ээ. Энэ эрхэм бол Ардын жүжигчин С.Сарантуяагийн шавь, монголын орчуулгын кинонд дуу оруулагчаар олон ажил ажиллаж, тайз, дэлгэцийн олон сайхан уран бүтээл дээр өөртөө оногдсон дүрийг чамгүй урлаж, авьяас билгээ харуулсан, энэ мэргэжлийг чин сэтгэлээсээ хайрладаг, “Warm Pictures”-ыг үүсгэн байгуулагч “Зүрхэн зүг” уран сайхны киноны зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар ажилласан Соёлын тэргүүний ажилтан Батхүүгийн Баянмөнх юм.
Тэрбээр киногоо нээн “Догдлол, сандрал давхацсан сайхан орой байна. Гоё мэдрэмж байдаг юм байна. Энэхүү танхимд өнөөдөр бидний өчүүхэн уран бүтээлийг хүндэтгэж ирсэн зочид, хайртай гэр бүл, уран бүтээлч ах дүүстээ маш их баярлалаа. Кино бол хамтын бүтээл, хамтын хүч хөдөлмөр, хамтын сэтгэл байдаг. Манай “Warm Pictures”-ын урилгыг хүлээн авч хамтран ажилласан кино багийнхандаа маш их баярлалаа. Та бүгд шилдэг шүү. Монголын кино урлагт гэдэг гайхалтай том айлын жижигхэн эд эс нь байхын төлөө “Warm Pictures” үргэлж сайн уран бүтээл хийхийн төлөө бүх чадлаараа хичээх болно. Баярлалаа” хэмээн баярын сэлтэгдлээ хуваалцсан билээ.
Киноны нээлт дээр “Зүрхэн зүг” кино багт ажилласан Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар “Би “Зүрхэн зүг” киноны нээлтдээ оролцохын тулд кино зургийн дундуур орхиод ирсэн болохоор хүндэтгэлийн хувцас өмсөөгүйдээ хүлцэл өчье. Намайг энэ сайхан киноны дүрд итгэл хүлээлгэн тоглуулсан “Warm Pictures” хамт олон, найруулагч Б.Баянмөнхдөө баярласан талархснаа илэрхийлье. Ямар сайхан залуус, хамт олонтой хамтран ажилласан бэ гэдгээ одоо л харж байна. Кино маань та бүхний зүрх, сэтгэлийг хөдөлгөсөн зүрхний кино болж чадах байх гэж би бодож байна. Та бүхэн киногоо тавтай сайхан үзэж сонирхоорой. Та бүхнийг итгэлийг алдаагүй гэдэгт итгэж байна”
Зургийн дарга Б.Батхүслэн “Монголын кино урлагт хайртай эрхэм үзэгчид та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр одод чуулсан гайхалтай үдэш байна. Монголын кино урлагийн отгон продакшн “Warm Pictures”-ын анхны уран бүтээлийг үзэхээр ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Бид итгэлийг тань алдахгүй цаашдаа ч хичээсээр байх болно. Энэ бол “Warm Pictures” халуун дулаан ахан дүүс. Баярлалаа та бүхэндээ, хамт олноороо маш их бахархаж байна. Б.Баянмөнх маань маш том гайхалтай уран бүтээлийг барин авч өөрийнхөө хүсэл зоригоор бүтээн өнөөдөр та бүхнээр дүнгээ тавиулахаар зогсож байгаа найзаараа маш их бахархаж байна”
“Зүрхэн зүг” уран сайхны кино нь түүхэн бүтээл бөгөөд БНМАУ, Нийгмийг аюулаас хамгаалах яамны үеийн үйл явдлыг харуулна.
Цөвүүн цагт ч сонголт үргэлж байдаг. Түүнийг даван туулах хүч, тэсвэр тэвчээр, зүрх сэтгэлийн тухай уг кино өгүүлнэ. Киноны эхлэл, өрнөл, зангилаа, тайлал гээд хэн хүний сонирхлыг татахуйц мөлжүүртэй сайн бүтээл болжээ. Гол дүрийн сонголт шинэлэг, чадварлаг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Түүнчлэн техникийн чанар, зураглаачийн багийн ур чадвар мундаг байлаа. Дүрс нь үзэхэд нүдэнд төвөггүй, план тавилтууд, дүрсний чанар сайн гээд өөлөх зүйл олсонгүй.
“Warm Pictures” анхны уран бүтээл “Зүрхэн зүг” уран сайхны кино бүх кино театруудын дэлгэцнээ гарч байгааг дуулгахад таатай байна.