Хиймэл оюун ухаан Япон улсын эмчийн лиценз олгох шалгалтад 55 хувь авчээ
“OpenAI” компанийн гаргасан “ChatGPT” нэртэй хиймэл оюун ухаан хүний асуултад баримттай, зөв хариулдаг чадвараараа олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл Юүдай Канеда нэртэй анагаахын оюутан Япон улсын эмчийн лиценз олгох шалгалтаас “ChatGPT” хэдэн оноо авахыг шалгаж үзсэн байна. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон лиценз олгох шалгалтыг “ChatGPT”-ээр хийлгэж үзэхэд 55 хувийн оноо авсан аж.
Хоккайдогийн Анагаах ухааны сургуулийн тавдугаар дамжаанд суралцдаг Канеда “Ирээдүйд бид шалгалтынхаа асуултыг хиймэл оюун ухаанаас асуудаг болж магадгүй. Хиймэл оюун ухаан анагаахын хичээлийг сурах явцад өөрчлөлт оруулах боломжтой” гэж хэлсэн байна. Канедатай цуг “ChatGPT”-г туршиж үзсэн Токио хотын Эрүүл мэндийн судалгааны төвд ажилладаг эмч, Тэцүяа Танимото “GPT-4 нь харилцан ярианы өндөр чадвартай. Хэрвээ хиймэл оюун ухааныг бэлтгэхдээ анагаах ухааны сурах бичиг, судалгаа ашиглавал ирээдүйд эмнэлэгт хиймэл оюун ухааныг ашиглаж болно” гэсэн юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
Б.БУЯНДОРЖ