ЦЕГ: Байрны гадна зогсоолд байсан 27 автомашиныг тонож, сүйтгэсэн 18 настай иргэнийг саатууллаа
Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байрны гадна зогсоолд байрлуулсан 27 тооны тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 18 настай, эрэгтэй “Б” нь 16-30 настай “О” болон “Б” нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.