УЕП, ТЕГ, МБА болон ШШГЕГ-ын удирдлагуудад Комиссын дүгнэлтийг танилцуулж, САНАЛ СОЛИЛЦЛОО
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг долоон сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-аар холбогдох шийдвэр гаргуулахаар 43 санал хүргүүлсэн билээ.
Тус илтгэлийн I бүлэг болох “Халдашгүй чөлөөтэй байх эрх” бүлгийн хүрээнд Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг мөрдөн шалгах болон хууль сахиулах байгууллагын холбогдох албан тушаалтныг оролцуулсан хэлэлцүүлгийг ХЭҮК-оос 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст сүүлийн таван жилийн байдлаар ирсэн нийт өргөдөл, гомдлын 17 орчим хувийг халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал эзэлж байгаа юм.
Энэ удаагийн илтгэлд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих ял, ганцаарчилсан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, дүгнэлт санал боловсруулав.
Хэлэлцүүлгийн эхэнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тохиолдол бүрийг хууль бус, дур зоргийн шинжтэй баривчилгаа гэж үзэхгүй ч Комиссоос хийсэн судалгаанд хамрагдсан нийт баривчлах арга хэжээний 73 орчим хувийг шүүхийн хяналтгүйгээр хэрэгжүүлснийг онцлон дурдаад, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх нь хүний эрхийг хангах баталгаа болно” гэлээ.
Түүнчлэн “Практик байгууллагын үйл ажиллагаанаас харахад, хууль бус дур мэдэн баривчилгаанаас хамгаалах хуулийн хэрэгжилт хангалтгүй, 24 цагийн дотор шүүхээс ямар нэг шийдвэр гаргах, 48 цаг хүртэл сунгах үндэслэлд хуулийн ямар байдлыг хамааруулах эсэх нь хуульд тодорхойгүй байгаа нь хүнийг хууль бусаар хорих нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэл хэт өргөн хүрээтэй байгаагаас гадна уг арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг үр дүнгүй явагддаг, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийнх болгож хэрэглэдэг байх шаардлагатай.
Нөгөөтэйгүүр хүнийг хууль зөрчиж баривчлах, дур мэдэн саатуулах нь хүний эрхийн зөрчил юм. Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулах шаардлагатай гэж Комисс дүгнэсэн” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс мөрдөн шалгах болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэглэх, сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн талаарх тоон мэдээллийн цахим системтэй болох, амралтын өдөр, ажлын бус цагаар шүүхийн зөвшөөрөл авах үйл ажиллагааг шуурхай болгох, 24 цагийн жижүүрийн шүүгч ажиллуулах зэрэг анхаарах асуудлаар санал солилцлоо.