Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргээс удирдан явуулав. Дүүргүүд дээр тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалтай танилцах үүднээс тэрбээр шуурхай зөвлөгөөнийг аль нэг дүүргээс цахим болон танхимаар хийж байхаар шийдвэрлэсэн юм.
Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийт 525 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг харьяа байгууллагуудад шилжүүлэхээс өнөөдрийн байдлаар 517 төсөл, арга хэмжээ худалдан авах эрхийг шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэл 98.4 хувьтай байна. Эдгээрээс нээлттэй тендер шалгаруулалт, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмаар нийт 420 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулан ажиллаж буй. Мөн тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар үүрэг болгосон юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төслийг шинэчлэн боловсруулснаас гадна нийтийн эзэмшлийн гудамж, замд удаан хугацаагаар байршиж буй тээврийн хэрэгслийн судалгааг гарган, 26 байршил чөлөөлжээ.
359 ТҮЦ-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн
Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч буй. Энэ дагуу автобусны буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн хааж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийн 128-ыг нь нүүлгэж, 359-д нь мэдэгдэх хуудас хүргүүлээд байна. Түүнчлэн нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх эхний ээлжийн 30 байршилд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд буй.
Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгоно
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлаж, авилгатай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээ, төрийн албан хаагчдад гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгох талаар зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд 1312 байгууллагын 30 мянга гаруй албан хаагчийг нэгтгэсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдах систем /UB-ERP/-д QR код нэвтрүүлэн шинэчилж буй. Ингэснээр албан тушаалтнуудын иргэд, харилцагч нартай биечлэн болон цахим хэлбэрээр уулзалт хийх цаг захиалах, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, иргэдээс гаргасан санал санаачилга, шүүмжлэлийг бодлого, үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах боломж бүрдэнэ.
13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад буй. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Үүнд нийтийн бие засах газрын үйлчилгээ, гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ, хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах, дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг багтаж байна.
“U money” картыг “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшнээр цэнэглэнэ
Нийслэлийн хэмжээнд хийж буй автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 136, хоёрдугаар сард 88 буюу нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн. Үүнээс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 112, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т 112 автобусыг хүлээлгэн өгч, үе шаттайгаар үйлчилгээнд гаргалаа. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэхээр гуравдугаар сарын 10, 13-ны өдрүүдэд Ч:1 буюу “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд туршилт хийсэн. Ингэхдээ өглөөний эх авалтыг дайран өнгөрөх 39 зогсоолоос эхлүүлж, өглөөний ачаалал ихтэй цагт хүлээгдлийн хугацааг багасгасан. Тодруулбал, 6:20-8:10 цагийн хооронд “5 шар-ТБД андууд” хүртэл нэг тээврийн хэрэгсэл үйлчилдэг байсан. Тэгвэл есөн тээврийн хэрэгсэл энэ чиглэлийн дундын буудлаас ачааллыг тэнцвэртэй хувааж авснаар автобус хүлээгдлийн хугацаа 2-4 минут болон буурч, зорчигчдын урсгал 15 хувиар нэмэгдэж, тээврийн хэрэгслийн сул гүйлт 12 км байсан нь зургаан км болж буурсан үр дүн гарсан” хэмээлээ.
Түүнчлэн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан “U money” карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн талаарх мэдээллийг тэрбээр өглөө. Зургаан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол дээр байршиж буй 222 ТҮЦ-ээр өдөр бүрийн нийт цэнэглэлтийн 60 хувийг хийдэг. Гэхдээ ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж буй тул ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудтай хамтран карт гаргах, “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшн ашиглан гар утсаараа нийтийн тээврийн картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж.
Түүнчлэн “Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаа болон найман нэрийн 1000 орчим дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар картын цэнэглэлтийг хийж байна.
Замын хөдөлгөөн болон цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг тогтмол мэдээлнэ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах тул бүх шатанд ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
- Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
- 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх.
- 2023 онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх.
- Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, чанарт нь хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн удирдлагууд долоо хоног бүрийн баасан гарагт салбар, салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, асуудлыг сонсож, шийдвэрлэдэг байх.
- Дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Налайх дүүрэг дээр зохион байгуулах тул бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС