“U money” картыг цаашид ТҮЦ-т биш, гар утасны аппликейшнээр цэнэглэнэ
Нийслэлээс автобусны буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн хааж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийн 128-ыг нь нүүлгэж, 359-д нь мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан “U money” карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн талаарх мэдээллийг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа.
Тэрбээр “Зургаан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол дээр байршиж буй 222 ТҮЦ-ээр өдөр бүрийн нийт цэнэглэлтийн 60 хувийг хийдэг. Гэхдээ ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж буй тул ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкнуудтай хамтран карт гаргах, “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшн ашиглан гар утсаараа нийтийн тээврийн картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй” гэв.
Түүнчлэн “Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа аж. Энэ хүрээнд зургаа болон найман нэрийн 1000 орчим дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар картын цэнэглэлтийг хийж байна.
Эх сурвалж: НЗДТГ