Хойд Солонгост тамхи худалдсан компани 635 сая ам.долларын торгууль төлнө
“British American Tobacco” компани худалдааны хоригийг зөрчиж, Хойд Солонгост тамхи зарсан тул АНУ-д 635 сая ам.долларын торгуулийг хүүтэй хамт төлөх болсон байна. Энэхүү торгууль нь тус компанийн 2007-2017 оны хооронд Умард Солонгост явуулсан үйл ажиллагаатай холбоотой гэж АНУ-ын эрх баригчид мэдээлжээ. “British American Tobacco” нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрлэгч бөгөөд Их Британийн хамгийн орлоготой 10 компанийн нэг.
Хойд Солонгос өөрсдийн цөмийн зэвсэг, баллистик пуужин бүтээсэн явдлын хариуд АНУ хатуу хориг тавьсан. Умардын удирдагч Ким Жон Ун тамхины хэрэглээ өндөртэй хүн билээ.Өнгөрсөн жил НҮБ-ын Аюулгүй байдлын консулаар Хойд Солонгост тамхины экспортын хориг тавиулахыг АНУ оролдсон ч БНХАУ, ОХУ хоёр тус хоригийг дэмжээгүй юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ