Дауны синдромтой хүнийг төлөөлсөн барби хүүхэлдэй гаргажээ
Тоглоомын компани “Mattel” Дауны синдромтой хүнийг төлөөлсөн барби хүүхэлдэй гаргажээ. Өнгөрсөн жилүүдэд тус компани барби тоглоомоо олон янз болгохын тулд сонсголын бэрхшээлтэй, хиймэл гар хөл болон тэргэнцэртэй барби худалдаанд гаргасан юм.
“Mattel” энэхүү шийдвэрийнхээ талаар “Бүх хүүхдүүд өөрсдийгөө барбигаас олж хардаг болох мөн өөр шиг нь харагддаг хүүхэлдэйгээр тоглуулах зорилготой” гэж хэлсэн байна. Тус компанийн барби хүүхэлдэйг хариуцсан захирал Лиза МакНайт “Шинэ хүүхэлдэй нь хүүхдүүдэд бусад хүмүүсийг ойлгох болон бусдын оронд өөрийгөө тавьж үзэхэд сургах болно” гэдэгт итгэж буйгаа хэлжээ. Бусад тоглоомын компаниуд ч гэсэн тоглоомоо олон янз болгон хувиргаж байгаа аж. Тухайлбал 2016 онд “Lego” компани хөгжлийн бэрхшээлтэй лего баримлыг танилцуулсан билээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ