Булганы Хангал суманд баавгай бог мал барьж идэх болжээ
Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай 2023 оны 4 дүгээр сарын 21-22-нд удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг өглөө.
- Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн -Засаг даргын Тамгын газар, аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах
- Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
- Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
- Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
- Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
- Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
- Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
- Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах;
- Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллах боломжтой аж.