Таалагдсан эмэгтэйтэйгээ хүчээр дотносож, салвал өөрийгөө шатаана хэмээн сүрдүүлсэн эрэгтэй ял сонсжээ
31 настай У гэх эрэгтэй болон З гэх эмэгтэй нар нь 2020 онд амралтад явах үеэрээ танилцжээ. Улмаар тухайн үед У-д З таалагдсан учир утасны дугаарыг нь олж аван, уулзахыг хүсэн залгаж эхэлсэн байна. Эмэгтэй нь энэ саналд дургүйцсэн боловч У түүний гэрийн гадна сахих, хойноос нь нууцаар дагах зэргээр хоргоож байсан учир хэсэг хугацаанд уулзаж эхэлсэн байна. Гэвч З-д энэ харилцаа таалагдаагүй учир У-гаас харилцаагаа тасалъя гэхэд тэрбээр эмэгтэйг сүрдүүлж эхэлжээ. Тодруулбал салбал амиа хорлоно хэмээн сүрдүүлж, өөрийгөө шатаах оролдлого хийсэн аж. Мөн эмэгтэйн гэрт хүчээр нэвтэрч, гар утас, цүнх гэх мэт эд зүйлсийг нь авч явах, утсаа авахгүй бол гэрийнх нь тогийг нь таслах, айлын тагтаар дамжиж орж ирэх зэргээр дарамталж эхэлсэн байна. Иймд З цагдаагийн байгууллагад хандаж улмаар эл хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны … дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр авч хэлэлцсэн байна.
Хохирогч эмэгтэй шүүх хурлын үед ийн мэдүүлжээ. Тэрбээр “У нь надаас салахгүй гэж, сүрдүүлэх болсон. Ажлын гаднах машины багажид орж хэвтэх, хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авах гээд явж байхад машины урдуур гарч ирээд доогуур нь орж хэвтэх зэргээр маш их ирсэн. Хүчээр бэлгийн харилцаанд орсон нэг тохиолдлыг ярьж байгаа боловч маш олон удаагийн давтамжтай үргэлжилсэн зүйл.
Харин шүүгдэгч залуу энэ бүхнийг үгүйсгэж байгаа аж. Шүүхээс тухайн үйл явдлыг болсон гэх бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзжээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэжээ. Ингэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой шүүхээс 1.100.000 төгрөгийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн У-ыг 4 сар 24 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Ялын энэ хоногоос тухайн хэрэгтэй холбоотойгоор хоригдсон 36 хоногийг хасч, мөн хохирогчтой харьцахыг хориглосон хязгаарлалт тогтоожээ.
Эргүү мал…