“Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам” баталлаа
Музейн тухай хуульд тусгагдсан “Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг өчигдрийн /2023.04.26/ Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Манай Улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 11 музей, орон нутгийн өмчийн 24, хувийн өмчийн 2 музей тогтмол үйл ажиллагаа явуулж, төрийн захиргааны байгууллага, их дээд сургуулийн дэргэдэх үзэсгэлэнгийн 20-иод танхим ажиллаж байна.
Музейн сан хөмрөгийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөлтийг хийж, бүх түвшинд бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь музейн үйл ажиллагааны чухал хэсэг юм.
Энэхүү журам батлагдсанаар музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгын аюулгүй байдлыг хангах, буцаан байршуулах зэрэг үйл ажиллагаа тодорхой болж эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Соёлын яам