“Монгол” уран сайхны киног маргааш нээнэ
“Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг 1, 2” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлд сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, “Хохирогч” олон ангит кино, “Эргэж ирэхгүй намар” бүтээлээрээ чансаатай найруулагч гэдгээ харуулсан Б.Амарсайхан дараагийн “тэсрэлт”-ээ “МОНГОЛ” уран сайхны киногоор хийнэ. Энэ нь түүний ерөнхий найруулагчаар ажилласан хоёр дахь бүтээл бөгөөд түүхэн, драм төрлийнх аж.
Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан “Сүүлийн хоёр жил “Одоо л энэ киногоо хийх ёстой юм байна” гэж буцалж хийлээ. Би киногоо нэг л удаа үздэг биш он цагийн уртад үзэх бүр үзэгчтэй ярилцсаар байх тийм л бүтээл байгаасай гэж хүсэж байна. Итгэл найдвар хэзээ ч үхдэггүй, ялагддаггүй. Энэ бол бидний урам зориг юм. Өнөөдөр Монголд итгэл найдвар, урам зориг хамгийн их хэрэгтэй байна” гэсэн юм.
“Монгол” киноны гол дүрд Б.Амарсайхан, Т.Солонго-Уянга нар тоглож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Гавьяат жүжигчин З.Жарантав, Л.Энхбаяр, Э.Батнямбуу, Б.Наранбаатар, Г.Энхтайван, Ц.Шүхэрт, Б.Бямбацэрэн, Б.Мөнх-Очир, Б.Мөнхсайхан зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ. “17” продакшн, ДДЭШ ТВ болон “Гэр комплекс”-ийн хамтын бүтээл “Монгол” уран сайхны киног энэ сарын 28-наас буюу маргаашнаас бүх кинотеатраар гаргаж эхэлнэ.