Г.Занданшатар: Манай улс ч өөдрөг шүү, далайд гарцгүй хэрнээ далайн тээвэр хариуцсан 3 даргатай
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг”-ийг хийлээ.
Чуулганы хуралдаанд Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Усан замын тээврийн хэлтсийн дарга, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын тээврийн хэлтсийн дарга Х.Итгэлт, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлогын газрын ахлах шинжээч Л.Булганхүү нар хүрэлцэн ирсэн байв.
Тэднийг танилцуулах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай улс ч бас өөдрөг шүү. Далайд гарцгүй хэрнээ гурван дарга нь далайн тээвэр хариуцдаг, төмөр замаа хөгжүүлдэг” хэмээн хошигнолоо.
Хуулийн төсөлд Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани тусдаа байх зохицуулалт хийж, Төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын хоорондын харьцааг уялдуулахын тулд Төмөр замын агентлаг байгуулахаар тусгаасан. Төмөр замын тээврийн байгууллага өөрсдөө тарифаа гаргаж, үүнийг бодитой эсэхийг төрийн захиргааны байгууллага хянахаар зохицуулж оруулж ирсэн юм.