Төрийн үйлчилгээг алслагдсан хороодод хүртээмжтэй хүргэж, төвлөрөл, түгжрэлийг сааруулна
Улаанбаатар хотод байгуулж байгаа төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийн 18 дахь салбарыг Олон улсын худалдаа, логистикийн төв буюу 22-ын товчооны авто худалдааны цогцолборт нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар оролцлоо. Ингэснээр тус газарт үйлчилгээ эрхэлдэг 1800 иргэн болон СХД-ийн баруун бүсийн оршин суугчид хотын төв рүү зорьж цаг хугацаа алдах шаардлагагүй болж байгааг байнгын хорооны дарга онцлов.
Өнгөрсөн онд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо манлайлж Цахим хөгжлийг дэмжих хуулиудыг УИХ-аар батлуулсан. Тус хуулиудын нэг болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бодит амьдралд хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь энэхүү “ХурДан” цэг юм. Төрийн үйлчилгээг иргэнд хамгийн ойроос, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх чиг үүргийг шинээр байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цаашид Сонгинохайрхан дүүрэгт 5-6 цэгийг үе шаттайгаар нээнэ. “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс иргэд өнөөдрийн байдлаар 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой.