Хууль нь ч, хүнлэг сэтгэл нь ч ТЭГШ БАЙЯ
Монголчууд бид Ковид19 өвчний аюул, эрсдлээс айж, хүний эрхийг зөрчсөн олон ч гунигтай үйл явдалтай нүүр тулж байна.
Хамгийн сүүлийн жишээ нь Шадар сайд С.Амарсайхан, түүний эхнэр нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоог тойрсон шуугиан. ХӨСҮТ-ийн улаан бүс рүү ковид-ийн халдвартай өндөр настай аав, ээжийгээ сахихаар ороод тусгаарлалтад оролгүй гарсан нь шүүмжлэл, зэмлэлийн бай болов.
Хүн бүрт хувийн амьдрал,олонд дэлгэдэггүй зовлон шаналал бий. Бас хэнд ч төлөвлөж төсөөлөөгүй хүнд сорилт, өвчин, үхэл хагацал тохиолдож болно. Тиймээс бид Шадар сайдын гэр бүлийн зовлон шаналалыг ойлгох ёстой юм.
“Өндөр настай эцэг эхийг нь ойлгож, тайван орхи, хүний амьдрал баялаг, хэмлэхээ зогсоо” гэх зэргээр өмгөөлж хамгаалагсдын ч зөв. Нэг асуулт. Монголчууд тийм харгис, хайрлах энэрэх сэтгэлгүйдээ шүүмжилж, буруутгасан гэж үү?
Ард түмэн, албан тушаалтанд адил тэгш үйлчилдэг хууль, журамтай байхыг, хууль уншиж хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаггүй хүнлэг байхыг хүсч, шаардаж байна. Бидний сэтгэлийн шарх эдгээгүй байна.
- “Хот руу нэвтрүүлэх чиглэл ирээгүй” гэх ганц үг хүлээсээр 22-ын товчоонд амиа алдсан эмэгтэй
- “Ээжээ би айгаад байна, ундаа уумаар байна” гээд эмнэлэг рүү ганцаарахнаа орсон ч эргэж ирээгүй бяцхан охин
- Охиноо ганцхан удаа энгэртээ тэврэх хүслээр амьд байх гэж амьсгалах гэж тэмцсэн ч хувь тавиланд бууж өгөөд хорвоог орхисон залуу бүсгүй
- Хорт хавдрын эцсийн шатанд хоног тоолон охиноо хүлээсэн аавдаа ганцхан удаа үнсүүлэх гэж тэмцэн тэмцэн эх орондоо ирсэн ч тусгаарлалтын 4 хананы дундаас гарч чадалгүй ааваасаа хагацсан эмэгтэй..
Төр иргэндээ ингэж л хатуурхсан… Хууль нь ч, хүнлэг сэтгэл нь ч тэгш шударга үйлчилдэг байя.