| |

Н.Мандуул: Монголын нийгэм урагшилж, дараагийн шатанд гарахын тулд үнэнтэйгээ нүүр тулах ёстой

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.

-Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Хөгжлийн банктай холбоотойгоор УИХ-аас анх удаа нээлттэй сонсгол зохион байгуулж, цагаан захтнуудын оролцоотой хамгийн том дуулиан дэгдэж, зээл авсан бол заавал төлөх ёстой гэсэн ойлголт нийгэмд үүсэж байна. Та 2022 оны нэгдүгээр сарын 20-нд шүгэл үлээхдээ ийм цар хүрээтэй үйл явдал бий болно гэж төсөөлж байв уу?

-Ажлаа авсны дараа Хөгжлийн банканд (ХБ) шалгалт хийх хүсэлтийг Монголбанканд тавьсан юм. Хуулиараа Монголбанк манай банканд хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй. Хоёр сар орчим үргэлжилсэн шалгалтын тайлан 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд манайд ирсэн. Нөхцөл байдал хүндэрсэн гэдэг нь шалгалтын үр дүнд тодорхой болсон. Шалгалтын дүгнэлтийг Засгийн газарт танилцуулсан. Хөгжлийн банк эрсдэлд орлоо, 2023 онд хоёр том бондын төлбөр хүлээгдэж байна, хэрэв дампуурвал кросс дефолт болж, Засгийн газар мөн дефолтын эрсдэлд орно гэдгийг хэлсэн.

Нэг талаас манай банкийг дампууруулахгүйн тулд зээлээ төлөөгүй хүмүүсийн өрийг улс төлөх ёстой болно. Энэ нь шударга ёсны зарчимд ч нийцэхгүй шүү дээ. Нөгөө талаас, шударга бус зүйл газар авч, нийгэмд бухимдал их байгааг Засгийн газар (ЗГ) мэдэж байсан учир үүнийг овоо хараандаа авч, ХБ-ийг цэгцэлье гэж бодсон болов уу гэж таамагласан. Надад шаардлагатай бүх арга хэмжээг ав гэсэн. Эдгээр шалтгааны үндсэн дээр 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд нээлттэй мэдээлж, шүгэл үлээсэн.

-Хөгжлийн банкны ихэнх зээл зориулалт бусаар зарцуулагдсан, зарим хүн давуу байдал, танил талаар зээл авсан, зээлээ төлдөггүй, мөнгө угаасан зэрэгт олон нийт хамгийн их бухимдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлөхгүй байгаа нь хамгийн гол асуудал байсан. ХБ-ны чанаргүй зээлийн хувь хэмжээ их, талаас илүү хувь нь төлөгдөх найдваргүй байлаа. Эдгээр зээлийг нарийвчлан судлаад үзэхэд бараг тал нь зориулалтын бусаар зарцуулагдсан нь тодорхой болсон.

Өөр  нэг  сургамж  бол  Хөгжлийн  банк атлаа хөгжлийн том төсөл, хөтөлбөрүүдэд бус арилжааны банктай адил зээл олгосон явдал юм. Орон сууц, хорооллын төсөлд, эсвэл жижигхэн, 2-3 тэрбумын өртөгтэй үйлдвэр барих буюу арилжааны банкаар санхүүжүүлэх боломжтой төслүүдэд зээл олгосон.

-Эдгээр алдаа дутагдлыг олон нийтэд ил болгож, нээлттэй ярилцахаар хяналтын гурван шатны сонсголыг зохион байгууллаа. Сонсголын ач холбогдол, үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Анх шүгэл үлээхдээ би нэлээд бодсон. Хувь хүнд ямар эрсдэл ирэх вэ гэж бодоод үзэхэд мэдээж олон дайсантай болно. Гэхдээ Засгийн газар дэмжиж байсан, нөгөө талаас би өөрөө элдэв хулгай, луйварт орооцолдоогүй учир ажлаа хийх боломжтой байлаа.

Харин нийгэмд ямар үр дагавар гарах вэ гээд бодож үзэхээр нэгдүгээрт, дотоод болон гадаад орчинд юу болох вэ гэдгийг авч үзэх ёстой болсон. Дотоод буюу банкны тухайд бид өнгөрсөн жилийн турш зээлийн эргэн төлөлтөд төвлөрч ажиллалаа. Ингэснээр бид банкаа дампуурах  эрсдэлээс гаргаж чадсан. Гэхдээ энэ бол дагавар үр дүн. Гол үр дүн юу вэ гэвэл сонсголоор яригдсан зүйлс. Тодруулбал, сүүлийн 10 жилд Хөгжлийн банкаар дамжиж зээл авсан бизнесүүд, нөгөө талдаа банкууд, төрийнхөн гэсэн гурвалсан сүлжээ үүссэн нь манай эдийн засгийн өсөх боломжийг хязгаарласан талаарх бодитой мэдээллийг сонсголоор бүх нийтэд баримттай хүргэсэн. Монголын нийгэм урагшилж, дараагийн шатанд гарахын тулд эхлээд үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Энэ л хамгийн том үр дүн болов уу.

Үр дүнтэй, дараа дараагийн банкны үйл ажиллагаанд сургамжтай сайн сонсгол болсон. Мэдээж анхных учир зохион байгуулалтыг нь хүмүүс шүүмжилж байна. Гэхдээ том зургаар авч үзвэл манай нийгэм идээ бээрээ шахах, урагшаа харах урьдач нөхцөл боллоо.

-Чанаргүй зээлийн багагүй хувийг эзэлж байгаа төрийн өмчит компаниудын зээлийг төлүүлэхээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Намайг анх олон нийтэд мэдээлэл дэлгэж байхад төрийн өмчит компаниудын нэг их наяд орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. Үүнийг судлахад 70 орчим хувь нь чанаргүй болон чанаргүй болох эрсдэлтэй зээл байлаа. Одоогоор төрийн өмчит компаниудын зээлийн багцын үлдэгдэл 750 тэрбум төгрөг байна.

Зээлийг эргэн төлүүлэх ажлын хүрээнд үр дүн гарсан төсөл цөөнгүй бий. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зээлийн 117 тэрбумын эргэн төлөлтийг хийлгэсэн, МИАТ зээлээ бүрэн төлж барагдуулсан. Зарим төрийн өмчит компани бэлэн мөнгөөр төлөх чадамжгүй болсон байсан. Тухайлбал, “ТОСК” ТӨҮГ Буянт Ухаа 1, 2 хотхон бариад түүнийгээ иргэдэд хямд үнээр борлуулж, тухайн дүн нь зээлийнхээ эргэн төлөлтийг хангаж чадахгүйд хүрчихсэн байлаа. Өнгөрсөн онд олон хэлэлцээр хийсний эцэст “ТОСК” ТӨҮГ манайд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж эзэмшүүлсэн. Энэ үнэт цаас нь хоёрдогч зах зээлд хөрвөх чадвартай. Ингэснээр тухайн үнэт цаасыг өөр этгээдэд худалдан борлуулж мөнгөжүүлэх боломж нээгдсэн гэж хэлж болно.

-“Эрэл”, “Хөтөл”, “Бэрэн” зэрэг компанийн шүүх хурал байнга хойшлогдож ирлээ. Эдгээр компанийн чанаргүй зээлийг шийдэхэд 4-6 жил ч болж магадгүй. Энэ нь Хөгжлийн банканд эрсдэл үүсгэх нь гарцаагүй.

-Энэ гурван компанитай холбоотой 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийн асуудал бий. Манай банкны чанаргүй зээлийн дийлэнх хувийг эзэлж буй зээлдэгчид. Бид гурвуулантай нь маш их цаг энергиэ зарцуулж, ажиллаж байна. Жишээлбэл, “Эрэл” компани манайхаас зээл аваад байшин үйлдвэрлэх комбинат барьсан. Зээлийг нь өгсөн, үйлдвэрээ барьсан, гэвч бүтээгдэхүүнийг нь худалдаж авах этгээд байхгүй. Төр манайхаас худалдан авалт хийнэ гэж амлалт өгсөн гэж тус компани ярьдаг ч бодитой гэрээ байхгүй. Үнэхээр сайн үйлдвэр байсан бол өөр хүмүүс худалдаад авчихаар байтал яагаад таг зогсов. Үйлдвэрийг ажиллуулж үзье, хөдөлгөе гэж манайхаас олон санал тавьсан ч “Эрэл”-ээс тодорхой хариу өгдөггүй. “Эрэл” компанийн өмнөөс хотын захиргаа, Барилга, хот байгуулалтын яамтай ч байнга уулзаж байгаа.

“Бэрэн”-гийн хувьд Эрдэнэтэд гангийн үйлдвэр эхлүүлсэн ч бүтээгдэхүүн нь масс хэмжээгээр гарч борлогддоггүй. Үйлдвэрээ ажиллуулаад зээлээ төл гэхээр эргэлтийн хөрөнгөгүй, ахиж зээл өг гэсэн тайлбар хэлдэг. Өмнө нь их хэмжээний зээл авсан компанид бид тухайн үйлдвэр ашигтай ажиллана гэдгийг мэдэхгүй учир нэмж зээл өгөх боломжгүй.

Манай банк өөрсдийн шугамаар гадаадын хөрөнгө оруулагчдад эдгээр төслийг танилцуулах зэргээр ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг барагдуулах хүрээнд банк хэдэн хэлцэл хийсэн бэ? Шүүхийн шатанд явж байгаа зээлүүдээс гадна хэлцлийн шугамаар шийдсэн зээлүүд хэдэн хувийг эзлэх вэ?

-Өнгөрсөн жил бид зээлдэгчидтэй 1000 гаруй уулзалт хийсэн. Өдөрт 3-4 уулзалт гэсэн үг. Зээлдэгчдээс 300 орчим албан бичиг, хүсэлт ирсэн бол манайх 600 орчим албан бичиг, хариу явуулсан байна.

Би ажлаа аваад 20 зээлдэгчийг шүүхэд өгсөн. Энэ гайхуулаад байх үзүүлэлт биш, шүүхэд өгч буй нь аргаа барж буй л хэрэг. Гэхдээ бид шүүхэд өгөөд хүлээж суухгүй, зээлдэгчдийн зээлийг төлүүлэхийн тулд янз бүрийн хэлцэл хийж байна. Нийт нэхэмжилсэн 43 хэрэг иргэний шүүх дээр байснаас зээлийн төлбөр нэхэмжилсэн 27 хэргийг нь шүүхээр эцэслэн шийдүүлсэн.

Өнгөрсөн жил манайхтай холбоотой бусад 24 зээлдэгчийн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт очоод их удаж байна. Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаалах зорилгоор үнэлгээ хийсний дараа зээлдэгч тал үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гээд шүүхддэг. Ингээд тухайн хэрэг шүүх дээр 1-3 жил, шийдвэр гүйцэтгэл дээр 2-3 жил зарцуулж байна.

Үүнийг том зургаар харахаар зөвхөн манайх бус арилжааны банканд ч асуудал дагуулж байна. Арилжааны банк анхнаасаа шүүхийн байгууллагаар явах эрсдэлээ тооцоод зээл олгохдоо хүүг нь нэмж өгдөг бөгөөд магадгүй энэ бол зээлийн хүү буурахгүй байгаа нэг том нөхцөл гэж би боддог. Тиймээс иймэрхүү маргааныг шийдвэрлэх аргаа илүү үр дүнтэй болгохгүй бол бизнесийн харилцаанд гацаа, саад болж байна.

-Таныг ажлаа авсны дараахан ТУЗ-ыг татан буулгаж, шинээр томилсон. Ер нь Хөгжлийн Банкны ТУЗ ямар зарчмаар ажиллах нь банкны үйл ажиллагаанд нийцтэй байна вэ?

-Манай банкны Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн төлөөлөл багтдаг мөн хараат бус гишүүдтэй. Хөгжлийн банкны хуулиар голлох шийдвэрийг ТУЗ гаргаж, гүйцэтгэх удирдлагын түвшинд шийдэгдэх асуудал бага байдаг. Гэтэл ТУЗ-ийн гишүүд маань банкны өдөр тутмын ажилд оролцох боломж нь хязгаарлагдмал учраас тухайн  асуудлын  талаар  бүрэн  мэдээлэл  авч чадаагүй байх, банк, санхүүгийн мэдлэггүй зэрэг эргээд банканд эрсдэл үүсгэх хүчин зүйлс бий.

Миний бодлоор цаашид ТУЗ-д томилох хүмүүсийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж өгч, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын түвшинд гаргадаг шийдвэрийн заагийг тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр эрхээ ч эдэлдэг, хариуцлагаа ч хүлээдэг болох юм.

Өмнө нь манай банкны ТУЗ-д ажиллаж байсан олон хүн шүүхэд дуудагдсан, тэд тухайн асуудлыг сайн мэдэхгүй гарын үсгээ зурснаас болж хэлмэгдэх вий гэж санаа зовдгоо хэлэх нь зүйтэй байх.
Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь сольсон. Шинэ ТУЗ биднийг дэмжиж, үүсээд байгаа асуудлыг аль болох хурдан шийдэж, гүйцэтгэх удирдлагаа ойлгож ажиллаж байгаа.

-Улс төрийн нөлөөнөөс ангид ажиллахгүй л бол Хөгжлийн банк нэрээ, статусаа өөрчилсөн ч энэ удаагийн түүх давтагдах магадлалтай. Тиймээс хууль эрхзүйн талаас нь үүнийг баталгаажуулах шаардлага үүснэ. Хөгжлийн банкны тухай хуульд ямар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна вэ?

-Банкны зүгээс хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Бид 2022 онд Сангийн яам руу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн. Энэ тал дээр одоогоор хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Үүнээс хойш олон үйл явдал болсон мөн багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс ТУЗ болон Засгийн газарт хуулийн өөрчлөлтийн саналаа дахин хүргүүлэхээр бэлтгэж байна. Нэгдүгээрт, ХБ том төслүүдийг санхүүжүүлэх процесст ямар хэлбэрээр оролцохыг тодорхой зааж өгөх ёстой. 2011 онд батлагдсан хууль хэрэгжих хугацаанд гүйцэтгэх захирал нь сайд, дарга нараас тушаал аваад байсан мэт харагддаг. Харин 2017 оны хуулийн шинэчлэлтээр үүнийг өөрчлөх үүднээс ямар төсөл санхүүжүүлэхийг шийдэх эрхийг ХБ-ны ТУЗ-д өгсөн. Үр дүнд нь юу болов гэвэл арилжааны банк шийдэх боломжтой, эсвэл арилжааны банк татгалзах хэмжээний төсөл рүү ХБ орсон.

Миний  бодлоор  хөгжлийн   төслүүдийг ард түмнээс сонгогдсон мандаттай УИХ, ЗГ тодорхойлох ёстой. Харин ХБ тухайн төслийг санхүүгийн хувьд эргэн төлөгдөж болох эсэхийг хараат бусаар дүгнэж шийдвэрлэх ёстой.

Өөрчлөх ёстой хоёр дахь асуудал бол хяналт шалгалт. Манай банк байгуулагдсанаас хойш 14 удаа шалгалт орж, 400 орчим дүгнэлт, зөвлөмж ирсэн байдаг. Судлаад үзэхэд тэдгээрийн хэрэгжилт 40 гаруй хувьтай байсан. Бид хяналт, шалгалтын зөвлөмж, дүгнэлтийг хэрэгжүүлээд 64 хувьд хүргээд байна. Товчхондоо, төрийн нэрийн өмнөөс зээл олгодог банкийг төр ямар механизмаар ажиллуулж мөн хянах ёстой вэ гэдгээ тодорхой болгох ёстой.

-Хөгжлийн банкийг цаашид Эксим банкны зарчмаар ажиллуулах талаар яригддаг. Тус банкийг удирдаж буй хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Олон улсад ийм төрлийн  банкны  функц нь Хөгжлийн банкны тухай хуульд заасан мандаттай ерөнхийдөө ижил. Эхэндээ зээл гаргаж том төслүүдээ санхүүжүүлж байгаад тухайн улсын эдийн засаг тэлж, хөгжлийн шинэ түвшинд хүрсний дараа ХБ нь зээл олгохоос илүүтэй баталгаа гаргадаг болдог. Жишээлбэл, хөгжингүй улсуудын Export Credit Agency (ECA)-ийн багцын 80-90 хувь нь баталгаа, батлан даалт байдаг.

Гол санаа нь тухайн улсын нэг компани өөр улсад төсөл хэрэгжүүлэх боллоо гэж үзвэл ХБ нь тухайн төслийн зээлийн эрсдэлийг хуваалцана гэж баталгаа бичиж өгч байгаа хэрэг юм. Энэ бол үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмждэг олон улсад хэвшсэн нэг арга. Одоогоор манай улсад ийм боломж хараахан алга.

-Хэдий зарим төсөл бүтэлгүйтэж, хэрэгжээгүй ч Хөгжлийн банкны санхүүжилтээр өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ямар төслүүдийг онцлох вэ?

-Бүх төсөл, зээл баларсан гэж болохгүй. Сайн жишээ бий. Бодитоор ажил хэрэг болсон санхүүжилтийг ч гаргасан. Эрчим хүчний том төслүүд, тухайлбал, Амгалан  дулааны  станц, 3, 4-р цахилгаан станцын өргөтгөлийг дурдах хэрэгтэй. Дотоодын цементийн үйлдвэрүүд бий боллоо.

Цаашдаа манай банк “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд ажиллана. Үүнээс өөр төсөл хөтөлбөрт оролцохгүй. Тухайлбал, орон сууцны төсөл санхүүжүүлэхгүй гэж ЗГ-аас онцолсон.

Гэхдээ хамгийн гол нь бэлэн төслүүд алга байна. Гаднаас хөрөнгө оруулалт босгохын тулд бид төслийн мэдээллийг нь хөрөнгө оруулагч нарт танилцуулах ёстой. Сүүлийн 10 жилд бий болгосон харилцаа холбоо, түншлэлийн хүрээнд олон улсын түнш банк, санхүүгийн байгууллагууд биднээс төслийн танилцуулга, мэдээллээ өгөхийг хүсдэг. Гэвч бидэнд ерөнхий, бүрэн мэдээлэл нь байхгүй учраас харилцаагаа цааш өргөжүүлэхэд гацаад байна.

Бид өнгөрсөн жил зөвхөн өр төлбөрөө барагдуулахаас гадна ирээдүйгээ харж ажилласан. ХБ-ны гол ажил бол гадаадаас босгох хөрөнгийн эх үүсвэр, сувгуудаа нээлттэй байлгах ёстой.

Энэ их сөрөг мэдээлэл дунд үнэн бодит мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх нь чухал. 2022 онд манай банк зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдсэн учраас гадагшаа ярих нэр нүүртэй байна. Цаашид бид бодитой төсөл, бодитой санхүүжилтийн талаар ярих ёстой.

 

Эх сурвалж: “Mongolian economy” сэтгүүл
Сэтгүүлийг бүрэн эхээр нь дараах линкээр уншаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *