|

Ц.Алтансүх: Онцгой байдлын алба өөрөө миний давуу тал

Хүн бүрт амьдралын зорилго, өмнөө тавьсан мөрөөдөл бий. Түүндээ хүрэхийн тулд өдөр бүр хичээж, хааяахан шантрах үе  ч тохиолддог. Энэ нугачаа бол хүмүний туулж өнгөрүүлдэг цаг хугацаа. Амжилт гэдэг ямар их хүч, хөдөлмөрөөр бүтдэг вэ гэдгийг “мэдэрч” яваа залуу алба хаагдчын төлөөллийг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” булан онцоллоо. Түүнийг Цадмидшийрэвийн Алтансүх гэдэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, нохой хөтлөгчөөр ажиллаж байгаа ахлагч цолтой алба хаагч юм.

-Бүх зүйл цаг хугацаатай. Хичээгээд байхад бүтээгүй ажил хүчлээгүй байхад биелчихсэн л байдаг. Танд тийм тохиолдол таарч байв уу?

Мөрөөдөл маань миний хувьд харин ч амархан биелсэн шүү. Миний ажиллаж байсан газарт 2015 онд гал түймэр гарахад Онцгой байдлын алба хаагчид ирж ажиллаж байлаа. Тухайн үед  нарийхан оффисын хаалгаар одоо бодоход 77мм хоолойг 20 м орчмоос нэг шийдээд л оруулчихсан. Тэдний тэгж хурдан, шаламгай ажиллаж байгааг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Түүнээс хойш энэ албанд орж ажиллах мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөлдөө хөтлөгдөн 2016 онд тэр үеийн ХСИС-ийн харьяа Ахлагчийн сургуульд элсэн орж, аврагч гал сөнөөгч мэргэжлийг эзэмшсэн. Улмаар 2017 оны хоёрдугаар сараас Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн IV салаанд аврагч-гал сөнөөгчөөр томилогдон, ажлын гараагаа эхлүүлж байлаа.

-Хүний хүсэл мөрөөдөл гэдэг их хүчтэй. Заавал хүрч байж санаа амардаг ч юм шиг. Төсөөлөл хэр өөр байв?

Тэс өөр байсан.Хүнд, хэцүү, мэдэхгүй, чадахгүй зүйл ихтэй. Хэзээ ч чадахгүй байх гэмээр зүйл ч байсан. Хамт үүрэг гүйцэтгэдэг ах нар, найз нөхдөөсөө суралцаж, зөвлөгөөг нь одоог ч дагадаг. Зорилгоо болгоод албанд орж ирж байгаа дүү нартаа өөрийн сурсан зүйлээ хуваалцаж, харилцан суралцаж  байна. Ажиллах бүхий л цаг хугацаандаа суралцдаг онцлог алба шүү дээ.

– Харахад амархан ч хамцуу шамлаад дуудлагад “гүйх”  цагаас л аврагч болох үгүйг шийддэг том сорилт эхэлдэг гэдэг?

Ажилдаа ороод удаагүй өвлийн байшин шатаж байна, дотор нь хоёр хүүхэд байгаа гэсэн дуудлагаар очсон. Тухайн үед гурван номертой. Утаажилт ихтэй байсан болохоор нүд хорсоод нулимс асгараад болдоггүй. Тэгэхээр нь урдаа явсан алба хаагчийнхаа бүснээс нь тас зуурчихсан явж байтал бүдэрч унадаг юм байна. Босоод иртэл нөгөө аврагч маань ч байдаггүй. Галын хоолойгоо дагаад л буцаж гарч билээ. Ингэж л аврагч болж байлаа. Түүнээс хойш хамт олонтойгоо олон ч дуудлагад үүрэг гүйцэтгэж, 40 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн байна. Сайхан шүү.

-Гал сөнөөгчөөс нохойн хөтлөгч болсноор бас  нэг өөрчлөлтийг өөртөө бий болгожээ?

2019 оны хавар Эрэн хайх, аврах салбарын захирагч дуудаад “Чамайг нохойд сонирхолтой, олон төрлийн нохой тэжээдэг  болохоор нохой хөтлөгчийн сургалтад явуулах саналтай байна. Явах уу гэж” асуусан. Ингэж хоёрдахь мөрөөдлөө биелүүлсэн дээ. Гал сөнөөгч байхдаа аврагчийн шар хувцастайгаа дуудлагад гарч байгаа алба хаагчдаа дагаад явмаар санагддаг байсан юм.  Нохой хөтлөгч болох 180 хоногийн сургалтад хамрагдаад хоёулаа болоод салбартаа очсон. Нохой хөтлөгч хүний давуу тал бол амьтны хэлээр “ярьж”, ойлгож чаддаг байх хэрэгтэй. Миний хамгийн сайн найз бас хамтрагч шүү дээ. Хэдийгээр амьтан ч гэлээ юу хүсэж байна, сэтгэл хөдлөл ямар байна гэдгийг хараад ойлгож чаддаг, хариу үйлдэл үзүүлдэг байхыг шаарддаг. “Жонни” дуудлагатай нохойтойгоо гурван жил гаруй хугацаанд 20 гаруй дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.

Хэн нэгнээс сонссож байсан хамгийн гоё урмын үг юу бол. Магадгүй ажил, амьдралын тань үнэ цэнийг бүтээдэг ч байж болох юм..?

Нэг удаа дуудлагаар яваад шөнө гэртээ иртэл хүү маань унтаагүй хүлээж байлаа. Миний хүү унтахгүй яасан юм. Аав нь дуудлаганд яваад ирлээ гэж хэлэхэд  “Ааваа та хамгийн шилдэг аврагч” гэж хэлсэн тэр үг. Энэ үгийг сонсоод л сэргээд ирсэн. Түүнээс хойш хүүгийнхээ үгийг үргэлж санаж, хичээж яваа. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг.  Миний ханийг Б.Нараншагай, хүүг маань А.Төгс-Очир гэдэг, 8 настай. Эхнэртэйгээ анх 2012 онд арван жилийн сурагч байхдаа танилцаж байлаа. Би аравдугаар анги. Эхнэр маань надаас нэг дүү. Манай ангийн хүүхэд тэдний хашаанд амьдардаг. Найзтайгаа уулзах гэж очоод эхнэртээ дурлаад “эргэлдсээр” байгаад л гэргийгээ болгосон доо. Дурсамжийг маань сэргээсэнд баярлалаа. Шантарсан үедээ хайртай хүмүүсээ бодож, хэлсэн үгийг нь санаж, өөрийгөө зоригжуулдаг.

-Бие бялдар, сэтгэлзүй гээд Онцгой алба хаагчдын шалгуур өндөр. Тийм ч байж өөрийгөө аюулд оруулахгүй өрөөлийг аврах боломжтой шүү дээ?

Чөлөөт цаг л гарвал турниктэй “найзална”. Найзуудтайгаа биеийн хүчний дасгал хийж, янз бүрээр туршиж үзэх хоббитой. 2009-2013 онуудад хүндийн өргөлтийн спортоор хичээллэсэн. Энэ хугацаанд өсвөрийн улсын аваргаас нэг алт, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа тусгай байр, аймгийн аварга шалграуулах тэмцээнээс 4 алт, нэг мөнгөн медалийг хүртсэн байдаг.

Туулж өнгөрүүлсэн, хийж, бүтээсэн бүхнээ бахархан дурсаж, амьдралын утга учрынхаа талаар хуваалцсан танд баярлалаа. Сэтгэлийн их жигүүр дүүлэн “нисэх” болтугай?

Онцгой байдлын алба өөрөө миний давуу тал. Баярлалаа гэдэг үгийг сонсоод буцах зам хамгийн сайхан. Итгэл, найдварын оч асаан гамшиг, осол тохиолдсон иргэдийн итгэлт түнш учраас хичээж, зүтгэж яваа залуусын нэг. Алдаж, онож, амьдралыын утга учрыг мэдэрч бас бүтээж яваа шүү дээ. Хамтран үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Онцгой алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн бол миний бахархал, аврал эрсэн хүний амьд “бурхад” гэж хэлмээр байна. Баярлалаа.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *