Төмөр замчид хууль эрх зүйн мэдлэгээрээ өрсөлдөв

“УБТЗ” ХНН, Төмөр зам захь цагдаагийн газар хамтран төмөр замчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дэвжээ-2023” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж, УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх салбар зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн “Цаг үеийн шаардлагаар УБТЗ-аар тээвэрлэж буй ачааны нэр төрөл нэмэгдэж, төмөр зам дагасан дэд бүтцийн барилга, байгууламж, техник, технологи хувьсан өөрчлөгдөж, өргөжин тэлж байна. Үүнийг дагаад төмөр замчид төмөр замын тээврийн тасралтгүй, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангахад дан ганц Төмөр замын тээврийн тухай хуулиас гадна бусад холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ цаг үргэлж, тасралтгүй сайжруулж байх шаардлага урган бий болжээ. Тиймээс ч УБТЗ дахь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх салбар зөвлөлөөс төмөр замчид руугаа чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү тэмцээн юм.

Цаашид Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурор гээд холбогдох хууль, хүчний байгууллагуудтай хамтран төмөр замчдадаа хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалт, арга зүйн хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулах болно” гэлээ. Тэмцээнд УБТЗ-ын 12 зангилааны 12 баг тамирчид оролцож, эрдэм мэдлэг, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдснөөс тэргүүн байрт, Дархан зангилааны “Бурхантын хөндий” баг, дэд байрт Чойр зангилааны “Жигүүр” баг, гутгаар байрт Улаанбаатар зангилааны “Манлайлагч” баг шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагнал гардлаа.

Дашрамд дурдахад, УБТЗ дахь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх салбар зөвлөл нь төмөр замчдыг аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд үүний тулд төмөр замчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох, тэдний хариуцлагыг сайжруулах, төмөр замын аюултай бүсэд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments