ГЕГ төрийн албаны шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг чөлөөлжээ
ЗГХЭГ-аас 2023 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулан хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч ТТ албан тушаалд ажиллаж байгаа 1445 гаалийн улсын байцаагч, ТҮ үйлчилгээний албанд ажиллаж байгаа 467 нийт 1912 албан хаагч, ажилтны хувийн хэрэг, шаардлагатай бусад мэдээлэлд тулгалт хийж ажилласан.
Ажиллах явцад Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ үйлчилж эхэлсэн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш Төрийн жинхэнэ албан тушаалын ерөнхий шалгалт өгөөгүй томилогдсон 61, төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн боловч албан зохих тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй томилогдсон, тусгай шалгалт өгөөгүй томилогдсон 88, нийт 148 албан хаагчдын ажиллаж байна гэсэн судалгаа гарсан.
Судалгаанд үндэслэн эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан хаагчдыг 2023 оны тавдугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн гэж ГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр мэдээлэв.