Б.Махбал: Хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлэлгүй хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан
80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна.
2017 оны 9 дүгээр сарын 28-ны ТУЗ хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал гаргаагүй ч ТУЗ-ийн тэмдэглэлд гарын үсэг зурсан шалтгааныг асуухад Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал: ТУЗ-ийн зөвлөлийн хурал болох гэж байхад би ээлжийн амралттай, хөдөө байсан тул оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга н.Хулан хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулъя гээд гэрийн гадаа ирэхэд нь тэмдэглэлтэй танилцаад гарын үсгээ зурсан.
Хөгжлийн банкны өмгөөлөгч Б.Махбалаас тус банкны ТУЗ-ийн гишүүнээр хэр удаан ажилласан талаар асуухад 2016-2017 онд ажилласан гэлээ. Өөрөөр хэлбэл тэр “Бэрэн” группт зээл олгосон үеийн ТУЗ-ийн гишүүн байжээ. Энэхүү зээл олгох талаар өмнө нь мэдээлэл аваагүй байсан гэв. Зөвхөн санал өгөх байдлаар гишүүний эрхтэйгээр оролцож байсан гэлээ. Мөн хурлын тэмдэглэлтэй танилцаж байна гэж гарын үсэг зурсан болохоос биш шийдвэр гаргахад үүрэг хүлээж байна гэж бодоогүй хэмээн мэдүүлэг өглөө.
Эрүүгийн хэрэгт хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн билээ.
Сануулахад, Б.Махбал нь 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бусдын амь насанд хүрсэн. 2020 оны тавдугаар сард шүүхээс түүнд 13 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.