Жэк Ма Японы их сургуульд багшлахаар болжээ
Алибаба группийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма Токиогийн их сургуулийн харьяа Токио коллежид зочин профессороор уригджээ.
Хятадын хамгийн алдартай бизнес эрхлэгч Жэк Магийн томилгооны хугацаа аравдугаар сарын сүүлээр дуусах юм. Гэвч “Гэрээг жил бүр сунгаж болно” гэж их сургууль мэдэгдсэн байна. Тус коллежид Жэк Ма судалгааны сэдвээр зөвлөгөө өгөх, менежмент, бизнес эхлүүлэх талаар лекц унших зэрэг чиглэлээр ажиллана.
2019 онд байгуулагдсан Токио Коллеж нь Токиогийн Их сургуулийг гадаадын эрдэмтэд, судлаачидтай холбох гүүр болдог.
Жэк Ма 2020 оны аравдугаар сард болсон нэгэн арга хэмжээний үеэр эрх баригчдын санхүүгийн зохицуулалттай холбоотой бодлогыг шүүмжилснээсээ хойш олны нүднээс далд байх болсон.
Хятадын тэргүүн баян байсан Жэк Ма өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн байгуулсан санхүүгийн технологийн Ант Группийн хяналтын хувь эзэмшлээсээ татгалзсан юм.
Өнгөрсөн хоёр жил хагас орчим хугацаанд Хятадын эрх баригчид Алибаба болон Ант Группийн зах зээлийн давуу байдлыг хязгаарлах хэд хэдэн арга хэмжээ авсан байдаг.