ЗИЛ-131 машинтай Идэр голын усанд суусан иргэдийг татан гаргажээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг Зүрх багийн Дунд цагааны-Ам хэмээх газарт Идэр голын усанд иргэд ачааны машинтай суужээ. Иймд аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Галт сумын чиглэлд 6 тн хүнсний бүтээгдэхүүнийг “ЗИЛ-131” ачааны автомашинаар тээвэрлэж яваад Идэр голын усанд сууж, жолооч болон зорчигчид машиныхаа бүхээг дээр гарсан нөхцөл байдалтай байжээ. Аврагчид завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргаж, мөн өдрийн 11:18 цагт автомашиныг нь татан гаргасан байна.
Ташрамд дурдахад машинд зургаан иргэн зорчиж явсан бөгөөд тэдний нэг нь дөрвөн настай хүүхэд, бусад нь 25-46 насны иргэд байсан аж.