|

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо

Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна.

Хотын оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 144 байршилд нийтийн зориулалттай орон сууцны фасад дулаалгын ажил, 47 цахилгаан шатыг шинэчиллээ.

Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсан 363 самбарыг буулгав. Мөн 3610 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийж байна.

Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. Мөн есөн байршилд 10.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барьж, гурван байршлын 1.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийн засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй.

“Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *