Ц.Мөнхцэцэг: Шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон, баривчлагдсан, эрүүдэн шүүсэн гэх гомдол зонхилж байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хэрэгжүүлдэг. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тус Дэд хороонд ирсэн өргөдөл, гомдлын 80 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон, баривчлагдсан, мөрдөн байцаах шатанд эрүүдэн шүүсэн байх магадлалтай талаарх өргөдөл, гомдол эзэлж байгааг тэрээр онцолсон.

Хэлэлцэж буй УИХ-ын тогтоолын төсөлд “… эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах…” гэж тусгасан байгаа бөгөөд энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комисс ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тодруулж байв.

 

Мөн илтгэлд дурдагдсан ахмадын эрхийн хэрэгжилттэй холбоотой эрх зүйн ямар шинэчлэл шаардлагатай байгааг ч лавласан.

Ингээд түүний асуултад Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн гишүүний асуултад хариулт өгсөн.

НҮБ-ын  гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх шинэ механизм болох Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR-Universal Periodic Review) болдог. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн ажлын багийн 36 дугаар чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр цөөнгүй улс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах саналыг хэлж байсан гэлээ. Түүнчлэн тус ажлын хэсгийн тайланд үндэслэн 170 гаруй зөвлөмжийг Монгол Улсад өгсний ихэнх нь дээрх агуулгатай байсныг Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хэлэв. Хүний эрхийн Үндэсний Комисс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулахыг бүрэн дэмжиж байгаа илэрхийлж, энэ талаарх санал, зөвлөмжийг олонтаа гаргаж байсныг тус Комиссын дарга Ж.Хунан хэлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *