СУРВАЛЖИЛГА: Мэргэжилдээ дурлаж, нэгэн зорилгын төлөө “шатаж” ажилладаг “UBN.mn”-ээр юу байна?
….Өглөө, нарны цацраг, дулаахан, хайр, зөөлөн, үнсэлт, инээмсэглэл, мөрөөдөл, хавар, анхны бороо, баяр хөөр гэсэн үгсийг ханандаа өлгөсөн энэ газар бол хэвлэл мэдээллийн салбарын 2022 оны шилдэг сайт “UBN.mn”. Цасан цагаан өнгийн хана бүхий оффисынхоо хоймор хэсэгт улбар шар өнгийн зөөлөн буйдан байрлуулж, түүнийгээ мөн л цагаан өнгийн гоёмсог бүтээлгээр бүтээжээ. Сэтгүүлчдийн ажлын ширээ, зочны ширээ, шүүгээ гэсэн бүх эд зүйл цагаан байгаа нь ханан дээрээ бичсэн шигээ тайван, амар амгалан мэдрэмжийг төрүүлж байв.
Манай сурвалжлах баг өглөөний 08:00 цагт очиход сайтын хамт олон хэдийнэ ирчихсэн байх агаад хаалганы цаанаас ч сонсогдох цангинасан инээд цалгиж байсан нь байгууллагын уур амьсгал ямар дулаахан хийгээд сэтгүүлчид ажилдаа ямар их хайртайг илтгэж байлаа. Нэг нэгнээ шоглож, хөгжилтэй зүйлс ярилцан инээлдэх тэд яг л нэг гэр бүлийн гишүүн мэт дотно.
Ийн тэд 08:40 минутад өглөөний хурлаа эхлүүлэв. Хурлын үеэр өмнөх өдрийн нийтлэл, контентынхоо алдаа, оноог хэлэлцдэг нь өдөр тутмын сонины өглөөний шуурхай хуралтай зарчмын хувьд ижил аж. Шуурхай хурал гэдэг нийтлэлээ хэрхэн яаж сайжруулах, ямар сэдвийг хөндвөл уншигчдийн таашаалд илүүтэй нийцэх вэ гэдгийг олж мэдэх үндсэн зорилготой байдаг билээ.
Тиймээс “UBN.mn” сайтынхан хурлынхаа эхэнд өмнөх өдөр сайтдаа нийтэлсэн сэтгүүлчдийн бичвэрүүдийг нэг бүрчлэн ярилцаж, эх сурвалжийн тоог нэмэх, гарчиг сайжруулах, сурвалжлагаа дахин цуврал болгон үргэлжлүүлэх гэсэн санал, шүүмжийг хэлэлцэв. Тэдний хувьд хэрхэн бусад хэвлэлийн хөндөөгүй сэдвийг сурвалжлан гаргаж ирэх, яаж бусдаас ялгарах вэ гэдэг дээр онцгой анхааран ажилладаг аж.
Үүний дараа өнөөдөр хэн, ямар сэдвээр мэдээ, сурвалжлага бэлтгэх, шинэ сэдэв юу байгаа талаар ярилцав. Энэ долоо хоногт улс төрийн сэтгүүлчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хурал удирдагч буюу Ерөнхий редактор Б.Батчимэг зөвлөлөө.
Мөн өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний баяр тохиож буйтай холбоотойгоор ямар контент бэлтгэх вэ гэдэг нь тэдний хурлын хамгийн чухал хэсэг байв. Сэтгүүлч Х.Умаахан, Ц.Янжиндуламтай хамтран хэвлэл мэдээллийн салбар дахь жендэрийн асуудал, сэтгүүлчдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг судалгаанд үндэслэн бичих санал гаргалаа. Ингэхдээ ямар эх сурвалжаас яриа авч, ямар өнцгөөс мэдээлэх талаар бусадтайгаа санаа бодлоо солилцож, зөвлөгөө авсан юм. Үүнээс гадна улс төр, нийгэм, танин мэдэхүй, спортын сэтгүүлчдийн онцлогийг хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан гаргаж ирвэл сонирхолтой гэсэн саналыг өөр нэг сэтгүүлч гаргав.
Сэтгүүлч Т.Алтанзагас “Яг түүн шиг” шоуны шинэ улирал эхлэх гэж байгаатай холбоотойгоор хөтлөгч Цоомоо буюу “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цолмонбаяраас яриа авахаар төлөвлөсөн бол сэтгүүлч Б.Мягмарсүрэн Сонгуулийн тухай хуулийн явц энэ долоо хоногийн хамгийн чухал сэдэв гэдгийг онцлов. Ийн хурал дуусч сэтгүүлчид хуваарилж авсан үйл явдал, ярилцлага, сурвалжлагаа бэлтгэх ажилдаа орлоо.
Дундаршгүй эрч хүчтэй эмэгтэй, редактор Б.Батчимэг
“UBN.mn” сайт нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үүнээс зургаа нь сэтгүүлч, хоёр нь зурагчин агаад нэг эрхлэгч, нэг нягтлантай. “Хамгийн эрч хүчтэй” хэмээх бичигтэй зургаа ажлын ширээнээ өлгөсөн энэ бүсгүй бол “UBN.mn” сайтын Ерөнхий редактор Б.Батчимэг. Ажлын хамт олон нь ч үүнийг батлан түүнийг дундаршгүй эрч хүчтэй эмэгтэй хэмээн тодорхойлов. Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар биднийг угтсанаас эхлээд сэтгүүлчидтэйгээ харилцаж байгаа харилцаа, хурлаа удирдан явуулж байгаа зэргийг нь харсан хэн ч түүнийг “Үнэхээр цоглог, эерэг энергитэй бүсгүй байна” хэмээн бодохоор. Оны шилдэг сайтаар тодорсон “UBN.mn”-д ийм их эрч хүч ундарсан, дулаахан энерги цацруулсан эмэгтэй удирдах түвшинд ажилладаг аж.
Үеийн сэтгүүлчидтэйгээ өрсөлдөж, “шатаж”ажиллах үнэхээр сайхан
Орос өгүүллэг, тууж, Ги де Мопассан “Хонгор найз”, “Гоо үзэсгэлэн бол шарх” хэмээх дэлхийн сонгодог, трэнд зохиолууд болоод сэтгүүл зүйн салбарт эрэн сурвалжлах бүтээлүүдээрээ толгой цохиж яваа “Эргэлт” сэтгүүлийг давхарлан тавьсан энэ ширээнд сэтгүүлч Х.Умаахан суудаг. Ширээн дээрээ эгнүүлсэн тавьсан ном, бүтээлүүдийг нь харвал тэр маш “дээд түвшний” уншигч гэдэг нь хэн хүнд илт. Ихэнх сэтгүүлч “Ачаалал ихтэй ажлын хажуугаар унших зав гардаггүй” хэмээн номын хуудас эргүүлэн суух нь цөөн байдаг бол залуу сэтгүүлч Х.Умаахан эсрэгээрээ. Сайн уншигчид сайн зохиолчид болдогийн адилаар түүний сурвалжлага, нийтлэлүүд яг уран зохиолын өгүүлэл уншиж байгаа мэт дүрслэл сайтай, үгийн сонголт ч уран яруу гэдгийг тус сайтын байнгын уншигчид андахгүй болов уу.
Мэргэжлээрээ дөрөв дэх жилдээ ажиллаж буй тэрбээр “Сайт, сонины бичвэр, видео хосолсон учир намайг анх нээж өгч, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлсэн байгууллага бол “UBN.mn”. Уншигчдадаа чанартай нийтлэл уншуулчих юм сан гэсэн нэг зорилгын төлөө үеийн сэтгүүлчидтэйгээ өрсөлдөж, “шатаж” ажиллах үнэхээр сайхан байдаг. Ингэж ажилласнаар сэтгүүлчийн ур чадвар нэмэгдэж, илүү чанартай, даацтай бүтээлүүд гардаг гэж боддог. Хамт олон, сайтын халуун дулаан уур амьсгал биднийг илүү өдөөж эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн ажиллах түлхэх хүчминь болдог” хэмээн ярилаа.
Эцэг, эх нь харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, өнчирч үлдсэн дөрвөн хүүхдийн тухай сурвалжилга бэлтгэсний дараа тэд байртай болсныг сонсоод сэтгүүлч болсноороо бахархан, баяр хөөрөөр бялхаж алхсан нь Х.Умааханы сэтгэлд тод үлдсэн дурсамж хэмээн хуучлав.
Харин “Ишиг” хэмээх чатны “nickname” бүхий шинэ жилийн тухай мессенжэрийн зургаа өнгөтөөр хэвлэн ажлын ширээнээ наасан тайрмал үстэй энэ охин бол сэтгүүлч Т.Алтанзагас. Тэрбээр МУБИС-ийн сэтгүүлчийн ангийг 2021 онд төгссөн, “Z” үеийнхний төлөөлөл. Өмнөх өдөр Т.Алтанзагас эрт илрүүлгийн талаар сурвалжлага бэлтгэжээ. Тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг зогсоно хэмээн олон нийт бодож байсан боловч цаашид үргэлжилнэ гэдгийг эмнэлгүүдээр явж сурвалжилсан нь цаг үеэ мэдэрсэн, маш чухал агуулгатай болсон хэмээн хурлын үеэр хамт олон нь магтаж байв. Түүний яг хажууд зэрэгцэн суугаа сэтгүүлч Ц.Янжиндулам мөн л “Z” үеийнх буюу Т.Алтанзагасын их сургуулийн ангийн найз. Энэ сайтын сэтгүүлчдийнх ихэнх нь яг ийм шижигнэсэн залуучууд байдаг юм байна.
“Эх сурвалжийг хамгаалах оновчтой хууль зайлшгүй шаардлагатай байна”
“UBN юу байна” хэмээх логотой аяга, тэмдэглэлийн дэвтэртэй, цэв цэнхэр далайн зургаар нөтбүүкнийхээ дэлгэцийг “чимсэн” энэ ширээ парламентийн сэтгүүлч Б.Мягмарсүрэнгийнх. Түүний бэлтгэсэн эмнэлгийн хүрэлцээтэй холбоотой сурвалжлага бүх талын эх сурвалжтай, үндсэн гарчиг, дэд гарчиг оновчтой маш сайн болсон хэмээн ерөнхий редактор нь хурлын үеэрмагтав. Үүнээс харахад Б.Мягмарсүрэн ямар чамбай, туршлагатай сэтгүүлч гэдэг нь илт. Мэдээллийг олон эх сурвалжаар баталгаажуулж, тэнцвэртэй байр суурьтайгаар хүргэхийн төлөө хичээж ажиллах нь “UBN.mn” сайтын сэтгүүлчдийн баримталдаг үндсэн зарчим аж. Тиймээс сэтгүүлч Б.Мягмарсүрэн ёс зүйгээ баримтлан мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө зорьж ажилладаг.
Тэрбээр сэтгүүлч болсноосоо хойш гурван удаа цагдаад мэдүүлэг өгч, нэг удаа шүүх дээр очжээ. Энэ тухай “Сэтгүүлчдийг мэдээллээр хангадаг эх сурвалжаа нууцлах нь бидэнд маш чухал. Гэтэл цагдаад очихоор “Энэ мэдээлэл, баримтыг хэн өгсөн бэ. Эх сурвалжаа хэл” гэдэг. Энэ нь сэтгүүлчийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчинг сайжруулах ёстойн баталгаа юм. Эх сурвалжаа нууцлах, хамгаалахад чиглэсэн оновчтой хууль зайлшгүй шаардлагатай байна” гэв.
Парламентийн сэтгүүлч буюу бидний нэрлэж заншсанаар “ордны сэтгүүлч” байна гэдэг амар даваа биш. Тэр дундаа өөрт шаардлагатай мэдээ, мэдээллийг төрийн гурван өндөрлөг хийгээд УИХ-ын гишүүд, сайд нараас авна гэдэг хялбархан зүйл биш билээ. Энэ талаар сэтгүүлч Б.Мягмарсүрэн “Хэдэн цаг ч хүлээж, хөл өвдсөн ч зорьсон гишүүн, сайдаас яриагаа авах нь маш чухал байдаг.Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар УИХ болон Засгийн газрын гишүүдээр шийдэл яриулахыг зорьдог” гэдгийг тодотголоо.
Нэг ханандаа төрөлх нутаг Завханы Баянхайрхан сумын төвийн зураг, нөгөө ханандаа Завхан аймгийн Отгон сумын нутагт орших төрийн тахилгат “Отгонтэнгэр” хайрханы зургийг жаазлан өлгөсөн энэ өрөө тус сайтын эрхлэгч Г.Лхагвадоржийнх. Монгол гэрийн жижигчилсэн загвар, дөрвөн бэрхээр буулгасаншагай, тэмээгээр нүүдэл хийж буй жинчдийн цуваа бүхий сувинер ажлын ширээн дээр нь байгаа нь түүнийг нүүдэлчдийн их өв соёлоо дээдэлдэг, хөдөө нутгийн малчин ахуйтай ойр өссөн болов уу хэмээх сэтгэгдлийг төрүүлж байв.
Сэтгүүл зүйн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Ган үзэг” наадмын 2022 оны шилдэг сайт “UBN.mn”-ээр зочлоод гарахад ажлаа гэсэн чин сэтгэл, гэр бүл мэт дотно дулаан уур амьсгал, эрч хүчтэй, цоглог хамт олон, нэгэн үеийн шижигнэсэн залуу сэтгүүлчид хийгээд тэднийг урмын үгээр тэтгэж, ажлаа жаргаж хийх бололцоог бүрдүүлдэг эрхлэгч, тохилог оффис гэсэн эерэг мэдрэмжээр хөглөгдөн буцсан юм.
Өглөөний хурал дээр хэн нь хэнийхээ бичвэрийг хэрхэн шүүмжилснээс үл хамааран хурал тарсны дараа тэдний хэлэлцдэг зүйл нь “Өдөр хаанаас, ямар хоол идэх вэ” гэсэн яриа байдаг аж. Тэд ийм л нэгэн цул, нягт хамт олон ажээ.
Б.ДОЛЖИНЖАВ
🥰 баярлалаа танай хамт олонд