Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн.
Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд зориулж 135.5 тэрбум төгрөгийг ч тусгасан билээ. Тэгвэл өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, арилжааны банкнууд хамтран байгууллаа.
Цаашид зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэхийн дээр бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх нөхцөл ч бүрдэнэ гэж үзэж байна.