Цэрэгт татагдахаар ирж байгаа залуусын 30-40 хувь нь эрүүл мэндээрээ тэнцдэггүй
Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах ажлыг орон нутаг болон нийслэлийн хэмжээнд эхлүүлсэн байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг иргэд залууст уриалдаг. Ер нь залуусыг цэргийн алба заавал хаах ёстой гэж зэвсэгт хүчнийхэн үздэг. Гэвч эрүүл мэндээрээ болон бусад шалтгаанаар тэнцэхгүй байх тохиолдол байдаг ажээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтын хэлснээр “Цэрэг татлагат ирж байгаа залуусын 30-40 хувь нь эрүүл мэндээрээ тэнцдэггүй. Цэргийн алба хаах хүсэл сонирхолтой залуус байдаг. Гэтэл эрүүл мэнд нь тэнцэхгүй бол хэцүү. Өнгөрсөн жил оюутан цэрэг бүртгэл дээр даралт нь 170 хүрсэн хүүхэд байсан. Гэтэл тэр хүүхдийн амьдралын хэв маяг маш буруу. Өглөө босоод өглөөний цай уудаггүй, ус уудаггүй, шөнө ерөөсөө унтдаггүй гар утсанд донтчихсон хүүхэд байсан юм билээ. Ер нь ирж байгаа хүүхдүүдийн нүдний хараа муу, шүдний өвчлөл ерөөсөө буурдаггүй” гэх мэт шалтгаанууд байдаг” гэлээ.
Эх сурвалж: Тойм.мн