“Нүүрсний хулгай”-н гол сэжигтэн шалгагдах хугацаандаа төрөөс 220 тэрбум төгрөгийн тендер авчээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд “40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гарсан” хэмээх мэдэгдлээс хойш олон ч үйл явдал болж өнгөрлөө. Улстөрийн нөлөө бүхий эрхмүүд нүүрсний хулгайгаар олж авсан гэгдэх бохир мөнгөөрөө тансаглаж байхад, иргэд шүлс шиг цалингаараа ядруу амьдарч буй нь уур эгдүүцлийг хүргэх нь гарцаагүй байв.
Урлаг соёлынхон төдийгүй иргэдийн массыг хамарсан жагсаал цуглаан, тэмцлийн дараа нүүрсний хэрэгт холбогдсон эрхмүүдийг зарлаж, хууль хүчнийхэн сүр даржин шалгаж байсан нь саяхан. Гэвч өдгөө нүүрсний хулгайн тухай дурсдаг, санадаг хүн ч бараг үлдсэнгүй бололтой. Иргэдийн энэ загасны гэмээр богино ой санамж, туйлбаргүй тэмцлийг далимдуулан хууль хүчнийхний ч мөн шалгалт суларсан уу гэлтэй. Учир нь сүүлийн үед “нүүрсний хулгай”-н буюу 1.2 их наяд төгрөгийн тендерийн хэргээр хоригдож, шалгагдаж яваа Б.Хишигдоржид өнгөрсөн сард нийт 220 тэрбум төгрөгийн тендер өгсөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгж эхлэв.
Тодруулбал,Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд “Хишиг арвин индустриал” ХХК-ын эзэн Б.Хишигдорж Засгийн газрын БЭТ нар болох Ж.Ганбат, П.Сайнзориг нарт авилга өгч, ийн тендер авсан байж болзошгүй гэх хардлага байна.
“Нүүрсний хулгай”-н хэргийн гол сэжигтэн Б.Хишигдоржийг хууль хяналтынхны хаалга сахин шалгагдаж байгааг мэдсээр байж хувийн компанид нь 220 тэрбум төгрөгийн тендер өгснөөрөө БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нар ашиг сонирхлын зөрчилдөөнд орж, худалдсаныг илтгэх мэт…
Б.Хишигдорж “Кэй эй рентал сервис” ХХК хэмээх хүнд машин механизмын засварын компаниараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс ачилтын 50 тэрбум, “Таван толгой” ХК-ийн нүүрс олборлолтын 170 тэрбум төгрөгийн тендерийг сэм авч чаджээ. Эл бохир үйлдлээ нуухын тулд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн тендерүүд зарлагдахаас өмнө “Кэй эй рентал сервис” ХХК-ээ өөрийн хүү Х.Батхишигийн найз банкны эдийн засагч мэргэжилтэй Нямдоржийн Эрдэнэ-очир гэх залуугийн нэр дээр эзэмшигчийн нэрийг шуурхай сольсон аж. “Кэй эй рентал сервис” ХХК нь гурван компаниас шалгарсан гэх бөгөөд хамгийн өндөр үнийн сан илгээсэн ч, сонгогдож, харин нөгөө хоёр нь тендерийн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар арчигдсан байна. Ийнхүү Б.Хишигдоржийн “Кэй эй рентал сервис” ХХК хэмээх компани Нямдоржийн Эрдэнэ-Очир гэх бизнесмен залуугийн дангаараа эзэмшдэг компани мэтээр өрсөлдөж, 220 тэрбумын тендрийг авч чаджээ.
Б.Хишигдорж дахин тендер авах зорилгоор өөрийн “Кэй эй рентал сервис” ХХК-ийг Н.Эрдэнэ-Очирт түр шилжүүлснийг нотлох баримт байна. Тухайлбал, “Кэй эй рентал сервис” ХХК нь “Кэй эй говь девелопмэнт” ХХК, “Кэй эй сор девелопмент” ХХК гэх хоёр охин компанитай. Тэгвэл “Кэй эй рентал сервис” ХХК-ийн эзэмшдэг “Кэй эй говь девелопмэнт” ХХК, “Кэй эй сор девелопмент” ХХК-уудын эцсийн өмчлөгчөөр нь одоог хүртэл Бадамдоржийн Хишигдорж, Хишигдоржийн Батхишиг нар бүртгэлтэй хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Б.Хишигдорж, Х.Батхишиг нар “Кэй эй рентал сервис” ХХК-аараа “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Таван толгой” ХК-аас 220 тэрбум төгрөг авахын тулд Н.Эрдэнэ-очирын нэрийг ашиглажээ.
Нүүрснии хэргийг эргэн санах хэрэгтэй. Анхаарлаа сулруулж яасанч болохгүй
220 terbum genuuuuu burhan min arai ch dee
“Хишиг арвин индустрал” гэж ноён суусан компани байна аа. Ямар ч үед тендэр хусаж байдаг