Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолжээ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Кристоф Бауэ-тэй 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагаа, түүний дотор ирэх 5 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтын үеэр тус хөтөлбөрөөс манай улсад хэрэгжүүлж байгаа төслүүд, тэдгээрийн үр өгөөжийг сайжруулах талаар саналаа танилцуулав. Мөн 2022 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш манай улсад айлчлах үеэр талууд Монгол-НҮБ-ын хөгжлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, шинэ шатанд гаргахаар тохиролцсоныг онцлон тэмдэглэж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр үүнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр өндөр ач холбогдол өгч байгааг тус хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Кристоф Бауэ онцолж, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангах, төрийн албыг бэхжүүлэх зэрэг олон чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цаашид ч үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллана гэв.
Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй 2023-2027 онд:
- төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжилт,
- эрсдлийн мэдээллээр хангагдсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгаль, эко-системийн тогтвортой менежмент,
- эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, хүртээмжтэй, хариуцлагатай засаглал гэсэн чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгч, хамтран ажиллах юм.