Хониндоо яваад сураггүй болсон 13 настай охины цогцсыг 5 жилийн дараа модон дундаас олжээ
Цагдаагийн байгууллагад 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах 4 дүгээр баг, Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй “М” гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгдэн.
Улмаар тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй байна. Иймд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 настай эмэгтэй М-ын амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоон, 5 жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон, хэргийн газраас 3 километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.