Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байна
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Ган-Өлзий мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр “Пионер” хэмээх үг нь дэлхийн олон хэлэнд “Анхдагч”, “Шинэ замыг нээгчид” гэж хэлэгддэг. Үүний тод жишээ гэвэл “Европоос дэлхийн баруун бөөрөнд анх очиж, өнөөгийн хойд ба өмнөд Америкийн олон улс үндэстний үндэс суурийг тавигчдыг пионерууд” гэдэг билээ. 20 дугаар зуунд Монгол орон “Пионер” хэмээх үг шинээр сонсогдож, хүүхдийн анхны байгууллага “Хойчийг залгамжлагч пионер багачуудын холбоо” нэртэй үүссэнээс хойш 98 жил болж өөрийн яруу алдарт түүхээ бичлээ.
Монголын хүүхдийн хөдөлгөөн байгууллагын үүсэл хөгжил, туулсан замнал, ололт амжилт, туршлага сургамж, бэрхшээл сорилтын 98 жил нь Монголын ард түмний нэн шинэхэн түүхийн бүрэлдэхүүн хэсэг юм.
Монгол орны талын малчин ардын багачууд шинэхэн байгуулагдсан бага, дунд сургуулийн сурагчид болж, хот суурин газрын шинэ соёл хөгжлийн нөлөөнд орж, нийгмээрээ хамтран суралцаж амьдарснаар өөрийн гэсэн байгууллагатай болох сайхан боломж ийнхүү бүрдсэн билээ.
Монголын пионерын байгууллага өнгөрсөн он цагийн хугацаанд өсвөр үеийнхэнд иргэний ухамсар, нийгмийн идэвх чармайлт, хүн болох ухаан эрдэм, хүмүүжил төлөвшил олгох үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, эх орныхоо өмнө хүндтэй гавьяа байгуулсан тул Сүхбаатарын одонгоор гурвантаа шагнагдаж их үйл хэргээ төрөөр үнэлүүлсэн юм.
Энэ залгамж холбоо өргөжин тэлсээр Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэж, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1999 онд Гэр бүлийн тухай хуулиудыг баталснаар хүүхэд гэр бүлийн асуудлаарх эрх зүйн үндэс тавигдсан томоохон салбар болтлоо өргөжин тэлсэн.
Сүүлийн жилүүдэд дээрх хууль тогтоомжууд шинэчлэн батлагдаж дэлхийн жишигт нийцсэн эрх зүйн орчин бүрдэн хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудлаарх төрийн бүтэц тогтолцоо улам бэхжин өргөжиж буйг 2015 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, 2017 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2018 онд батлагдсан Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулиудаас бэлхнээ харагддаг.
Манай хамт олон дээрх хууль тогтоомжуудын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд хангуулах чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид хүүхэд, залуучуудын хөгжих, оролцох, хамгаалагдах эрхийг хангах, гэр бүл бүрийн амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөөх хууль тогтоомжоор хүлээсэн чиг үргээ бүрэн биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
Бидний ажил үйлчилгээ хүүхэд, залуучууд, гэр бүл бүрд үр дүнтэй хүрэхэд эрхэм хүндэт эцэг эх, иргэн, байгууллага таны оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа туйлаас чухлыг онцлохын ялдамд Монгол улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн мэнд дэвшүүлье” гэв.