Техаст зэвсэглэсэн этгээд худалдааны газарт гал нээж 8 хүний аминд хүржээ
Бямба гарагт (2023.05.06) Техас мужийн Даллас хотын ойролцоох “Allen Premium Outlets” нэртэй худалдааны төвд зэвсэглэсэн этгээд нэвтрэн гал нээсний улмаас 8 хүн алагдсан байна. Өөр дуудлагад явж байсан цагдаагийн албан хаагч бууны чимээ сонссон тул хэргийн газарт яаралтай очиж зэвсэглэсэн этгээдийг хөнөөжээ.
Энэхүү аймшигт хэрэг гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессыг галт зэвсгийн тухай хуулиа чангатгахыг уриалсан байна. Тэрээр мэдэгдэл хийхдээ “Хэрэгтэн AR-15 загварын буу ашиглаж гэмгүй иргэдийг хөнөөсөн нь манай улсыг цочирдуулсан хэргүүдийн нэг боллоо. Үүнтэй ижил аймшигт хэргүүд олон гардаг нь харамсалтай зүйл” гэжээ. Хэргийн газар байсан нэгэн гэрч “Эхлээд арван удаа буудах чимээ гарсан, дараа нь дахиад арав юм уу арван таван удаа бууны чимээ сонсогдсон. Тэгээд хартал хар хувцастай, бууны хамгаалалттай хантааз өмссөн хүн хүмүүс рүү буудаж байсан” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ