Ё.Басхүү Дэлхийн хос хүрэл медальтан боллоо
“Доха-2023” жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалиар энгэрээ мялааж дэлхийн хос медальтан болов. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн мөнгө, “Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт 9 минут хүчийг үзээд даралтаар ялж шагналын тавцанд зогссон.
Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин. Түүнээс өмнө нь хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, гавьяат тамирчин Г.Болдбаатар нар ийм амжилтыг үзүүлж байв.
Ё.Басхүүгийн жингийн финалд япон залуус Хифүми Абэ, Жоширо Марүяма нарын дуэль хүч тэнцүүгийн тэмцэл, классик барилдаан, жүдо бөх гэж юу байдгыг харуулсан гайхамшигтай тэмцэл байлаа. Тус ривальд Абэ “Golden score”-д торгуулиар ялснаар дэлхийд дөрвөн түрүүтэй болж эрэгтэй жүдочдоос түүхэнд зургаа дахь тамирчин болов.
Тэд хоорондоо 11 удаа таарч барилдснаас Абэ долоод нь (үүнээс сүүлийн 5-д нь ялсан) ялаад байна. Түүнчлэн Хифүми сүүлийн 4 жилийн хугацаанд ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж 40 дараалсан ялалт авав.
Эх сурвалж: MGLsport.com