Бог малын мялзан болон хонины цэцэг өвчний тархалт нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд бог малын мялзан, хонины цэцэг өвчний гаралт, тархалт нэмэгдсээр байгаа аж.

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал, амьтын гоц халдварт бог малын мялзан, хонины цэцэг өвчний гаралтыг таслан зогсоох, өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өгч, орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гоц халдварт өвчний гаралт, тархалтыг зогсоох зорилгоор Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорнод зэрэг аймагт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилжээ.

Ажлын хэсгүүд  2023 оны тавдугаар сарын 2-ноос 14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд дараах ажил үүргийг орон нутагт хэрэгжүүлэх гэнэ. Үүнд,

-Гоц халдварт өвчинтэй тэмцэх, өвчний гаралтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”, “Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар”, “Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар” зааврын  хэрэгжилтийг хангах;

-Аймаг, сумдын онцгой комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэн, мэргэжлийн удирдлагаар хангаж, хамтран ажиллах, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэх, отор нүүдэл хийхэд хяналт тавих;

-Гоц халдварт өвчний гаралт, тархалтын шалтгаан нөхцөлийг тодорхойлж, дэгдэлтийн судалгааг хийж, тэмцэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулж ажиллах;

-Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн багийг өвчин гарсан сумын малын эмчээр ахлуулан, тухайн сумын Засаг даргаар дайчлагдан ажиллах албан тушаалтныг томилуулан ажиллуулах;

-Гоц халдварт өвчний ил шинж тэмдэгтэй болон лабораторийн шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, амьтанд ялган тэмдэглэгээ хийж, малчдад заавар, зөвлөгөө, анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллах;

-Голомтын болон сэжигтэй бүсийн хил заагийг оновчтой тогтоож, дээрх бүс дэх малчин өрхийн  хашаа, хороо, уст цэг, машин техник, малын тоног хэрэгслийг халдваргүйтгэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах;

-Зайлшгүй шаардлагаар устгасан мал болон  хүүр, сэг зэмийн устгалын цэгийг зөв оновчтой цэгт тогтоож, зааврын дагуу хэрэгжүүлэх, устгалын цэгт хийгдсэн ариутгал, халдваргүйтгэлийн тайланг аймгийн Мал эмнэлгийн ерөнхий газар, сумын мал, эмнэлгийн тасаг нэгтгэн  хүргүүлэхэд зөвлөмж өгч ажиллах;

-Голомтын болон сэжигтэй бүсийн хилийн зааг дээр таних тэмдэг байрлуулах, уг бүсийн хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглох хөдөлгөөнт эргүүл, пост гаргаж, зайлшгүй шаардлагаар хөдөлгөөн хийх үед халдваргүйтгэлийн пост  ажиллуулах, бүс хооронд  хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлах;

-Голомтын бүсэд оруулах хүнс, бараа, бусад зүйлийг тогтоосон цэгт тусгайлан бэлтгэсэн талбай /тавцан/-д буулгаж, сэлгүүлэн хүргүүлэх хэлбэрээр зохион байгуулуулах;

-Гоц халдварт өвчин гарсан нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, хүн, мал, амьтны бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар мэдээлэл хүргэж ажиллуулах;

-Гоц халдварт өвчин гарсан голомтын бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэлт,  худалдаалалтыг зогсоож, хяналт тавих;

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *