Улаанбаатар хотын хөгжлийн корпораци Чунчин хотын компаниудтай хамтарч ажиллана
Улаанбаатар хот БНХАУ-ын Чунчин хоттой хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй. Тиймээс хоёр хотын удирдлага хамтын ажиллагааны шинэ гарц, боломжуудыг бий болгохоор тохиролцсон билээ. Энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чунчин хотод айлчлах үеэр хийсэн яриа хэлэлцээр ажил хэрэг болж эхэллээ.
Тодруулбал, БНХАУ-ын Чунчин хотын худалдаа бизнесийн төлөөлөл Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай уулзаж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв. Энэхүү уулзалтад Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч, “Чунчин Санлэй Индастриал” группийн ТУЗ-ийн дарга Хун Жунжинь, “Сань Ян Ма Логистикс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Чю Хунь-Ян, КОФКО группийн дэд захирал Лин Жинвэнь, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Шэнь Линь нар оролцсон юм.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Чунчин хотын бизнесийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллах эхлэл тавигдсанд таатай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд Чунчин хотын туршлага, технологийн шийдлүүдийг Улаанбаатарт нэвтрүүлэх тал дээр анхаарч буйгаа тэрбээр тэмдэглэв.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-иас хэрэгжүүлж буй такси үйлчилгээ, авто зогсоолын менежмент, логистикийн нэгдсэн төв байгуулах төслүүдийг тэрбээр танилцуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжууд нээлттэй байгааг онцолсон. Мөн хот, нийтийн аж ахуй, цэвэрлэх байгууламж, нийтийн тээвэр болон бусад салбарт тусгай үүргийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хэрэгцээтэй байгааг дурдаж байлаа.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК хотод хэрэгцээтэй байгаа төхөөрөмж, машин техник лизингээр нийлүүлэх, худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөхөд хамтран ажиллахаар “Чунчин Чян-И Трэйдинг” компанитай Санамж бичиг байгуулав.
Ташрамд, Чунчин хот нь автомашины үйлдвэрлэл, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, их өгөгдөл зэрэг үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжиж буй Хятадын төв, баруун бүсийг тэргүүлж буй мега хот юм.
УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ ХК