Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгох боломж бүрдлээ
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлд хийхээр төлөвлөсөн, амласан олон зүйл байгаа. Тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэхээс гадна өнгөрсөн жил төсөв өргөн барих үед хүүхдийн мөнгөний асуудал маш хүнд байсан. Хүүхдүүдийн 91 хувьд олгох битгий хэл 60-70 хувь хүртэл буулгах шаардлага гарч, Олон улсын валютын сан болон гадаадын бусад хөгжлийн байгууллагуудын хувьд өндөр дарамттай ажиллаж байсан. Харин бид тэр хүнд байдал руу орчихолгүй эдийн засгаа тогтворжуулж чадсан учраас хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх боломж дахин гарч ирж байна. Үүнийг бид сүүлийн хагас жилд эдийн засгийн байдал, инфляцитай уялдуулж шийдье гэсэн хувилбар дээр Засгийн газар ажиллаж байна” гэсэн юм.