ОХУ-аас нэг сая тун “Спутник-В” вакциныг ирэх долоо хоногт оруулж ирнэ
Монгол Улс ОХУ-аас нэг сая тун “Спутник-В” вакциныг худалдан авах гэрээнд өчигдөр /2021.04.01/ гарын үсэг зурж, тус нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болсон байна.
Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гаргасан. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байгаа юм.
Монгол Улс өчигдрийн байдлаар хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна.