Дулааны станц угсралтын ажлын явцтай УИХ-ын дарга, гишүүд танилцав
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Баянхонгор аймгийн төвийн барилга угсралтын ажлын явцтай УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар өнөөдөр /2023.05.12/ танилцав.
Төслийн хүрээнд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, түүний туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК-иуд ажиллаж байгаа юм.
Энэ оны гүйцэтгэлийн хүрээнд зуухны угсралтыг эхлүүлсэн бөгөөд дулаан дамжуулах төв, станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний суурилуулалтын ажлуудыг гүйцэтгэх юм. Нийтдээ 26 сар үргэлжлэх тус төслийн 87,5 хувийн гүйцэтгэл энэ онд хийгдэх бөгөөд 2024 оны зургаадугаар сард ашиглалтад орох болно.
Энэ үеэр Засаг дарга Д.Мөнхсайхан: Орон нутгийн инженер боловсон хүчнийг томилон, угсралтаас дуусах хүртэлх бүх ажиллагаан дээр хамтран ажиллуулж, сургахаар болсон. Манай инженерүүд дулааны станцын талаар мэдлэгжиж, чадваржиж авснаар ашиглалтад ороход ямар нэгэн асуудал хүндрэл үүсэхгүйгээр үйл ажиллагаа жигд явна гэж тооцож байна” гэж онцолсон юм.