Н.Тавинбэх: Дулааны эрчим хүчний эх үүсвэр шинээр бий болгох шаардлагатай
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Улсын хэмжээнд 2020 онд эрчим хүчний нийт хэрэглээний 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангасан байна.
Цар тахлын үед үйлдвэрлэл багассан ч эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдсэн.
Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан дулааны эрчим хүч, уурын хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасантай холбоотойгоор цахилгааны хэрэглээ оргил цагуудад нэмэгдэж, боломжит хүчин чадал дээд цэгт тулсан ч шаардлагатай арга хэмжээг авснаар 2020-2021 оны өвлийн их ачааллыг салбарын хэмжээнд амжилттай давлаа. Энэ өсөлтийг хангахад ДЦС4 -ийн турбогенератор 1,2,3,4-ийн шинэчлэлийн төсөл үр дүнгээ өгсөн.
Улаанбаатарт шинээр дулааны эрчим хүчний эх үүсвэр бий болгох зайлшгүй шаардлага байна. Азийн супер сүлжээ экспорттой холбоотой Алсын хараа -2050 хөтөлбөрт эрчим хүч экспортлогч орон болох зорилго бий.
Азийн супер сүлжээ суурь судалгааны бичиг баримтыг хийж дуусгасан. Энэ санаачилга нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нар салхины нөөц дээр тулгуурлана” гэж ярилаа.