|

Эрдэс баялгаас олох орлогыг иргэддээ тэгш шударгаар хүртээнэ

Ашигт малтмал, эрдэс баялгаас олсон орлогыг иргэддээ ижил тэгш, шударгаар хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг удахгүй хэлэлцэн батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрээр нийслэлийн БЗД-ийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Энэ үеэр иргэд цалин тэтгэвэр, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлуудаас гадна нийтийн боломжийг хулгайлсан авлигын хэргүүд, баялгын тэгш бус хуваарилалтад хамгийн ихээр бухимдаж байгаагаа илэрхийлэв.

2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Баялгийн сан байгуулах шийдвэр гарсан хэдий ч гурван жил гаруй хугацаанд уг асуудал гацсан. Ажлын хэсэг, яамдуудын дундах ойлголтын зөрүүтэй байдлыг арилгаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн дараа яаралтайгаар Баялгийн сангийн асуудлыг шийднэ гэж УИХ-ын дарга хэлжээ. Ингэснээр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг уг санд төвлөрүүлж, хуримтлал үүсгэн, одоо ба  ирээдүй үеийнхэнд тэгш хуваарилах боломж бүрдэнэ гэж үздэг. Харин сангийн менежмент, удирдлагыг оновчтой тодорхойлсноор ашигт малтмалын томоохон ордуудын баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг үндэслэж, баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн орчин бүрдэх боломжтой гэж судлаачид үзэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *