УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид болон Хархорин сумын иргэдтэй уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар өнөөдөр \2023.05.13\ Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, төрийн албаны цалингийн шинэчлэлтийн талаар Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Төсвөөс цалинждаг нийт 225205 төрийн албан хаагч байдаг аж.
Эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод хүчин зүйлсээ тооцоод дээрх бүхнийг цогцоор нь харж төрийн албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, нэмэх асуудлыг шийдэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурал үзэж байгаа гэв.
Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд засаглалын, нийгмийн бодлогын реформ хийх хэрэгтэйг дурдсан. Засаглалаа сайжруулж, авлигатай тэмцэж, тунгалаг төртэй болсны үндсэн дээр эдийн засаг сайжирч, иргэн бүрийн амьдралын чанар дээшилнэ гэдгийг мөн хэлж байлаа. Иймд Улсын Их Хурал 2023 оны хаврын ээлжит чуулганаараа авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорилт дэвшүүлсэн. Авлигаас ангижирч чадвал эдийн засаг жам ёсоороо тэлнэ, хөгжинө. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал хүний хөгжил тэргүүтэй олон асуудал шийдэгдэнэ. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь шийдвэрлэх ёстой чухал зорилт бөгөөд энэ дөрвөн зорилт нь Улсын Их Хурлын эрх зүйн шинэчлэлийн үндэс хэмээн бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Түүний дараа тус аймгийн төрийн албан хаагчид төрийн албаны шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар саналаа хэлж, асуулт асуусан. Тухайлбал, төрийн албан хаагчид, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг баталсанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн цалин хөлсийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндсөн. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, УИХ авлигатай хийж буй тэмцэл төдийлөн үр дүнд хүрэхгүй, бие биеэ өмөөрч хариуцлага хүлээхгүй үлдэж байна хэмээн шүүмжилсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-аас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн дагуу УИХ-аас Түр хороод байгуулагдаж, Хөгжлийн банкны хэргийг сөхөж гаргасан юм. Үүнээс улбаалан жагсаал, цуглаан өрнөж, шат дараалсан нотлох баримтын 3 удаагийн сонсгол хийсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны холбогдогчдын шүүх хурал нээлттэй үргэлжилж байна. Мөн “нүүрсний хулгайн” гэх хэргийг илрүүлэн УИХ-аас томилогдсон Түр хороо ажиллаж мөн л олон нийтэд энэ хэргийн талаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Үүний үр дүнд дахин ийм хэрэг гарахыг зогсоож, олон нийтийн хяналтад асуудлыг оруулж чадсан. Цаашид баялгийн олборолт, ашиглалт, экспортын асуудлыг төр, ард түмний хяналтад авах ёстой гэж үзсэн. Энэ хаврын чуулганаар авлигын эсрэг эрх зүйн хэд хэдэн өөрчлөлт хийнэ.Тухайлбал, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батална. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэх зэргээр ажиллана. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр албан тушаал, авлигын хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож, авлигын хэрэгт оноох ялын бодлогыг чангалсан хэмээн хариуллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар мөн өдрийн үдээс хойш Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа.
Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.Тус сумын иргэн Алтантуяа, Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал өгөх боломж урд нь олддоггүй байсан. Энэ удаа бидний саналыг сонсож байгаад баярлалаа. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь Монголын хөрсөнд буугаагүй тоо гэж бодож байна. Тиймээс дэмжихгүй байна хэмээсэн.
Иргэн Батчулуун, Боржигон нар, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв боловч 152 гэдэг тоо хэт олон байна. Төлөөллийн чадамжийг сайжруулах нь зүйтэй, өнөөдөр манай улстөрийн намууд хүнээ олж нэр дэвшүүлж чаддаггүй асуудал байна.
Мөн жагсаалтаар сонгох хүмүүст эмч, багш байх ёстой. Хөдөөгийн төлөөлөл тариаланч, малчдыг оруулах хэрэгтэй. Зөвхөн бизнес төлөөлөл нь орчихдог хэмээж байв.
УИХ-ын дарга энэ сарын 14-ны өдөр Архангай аймагт ажиллана гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.