|

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Ард Аюушийн талбайд Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.

Дараа нь аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.

Тус аймаг “Амьдралын чанар”, “Шударга ёс”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн үндсэн гурван зүйлд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд цаашид Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлэх, нисэх онгоцны буудлыг өргөтгөх, ундны усны асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилт тавьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байгаад нь талархал илэрхийлэв.

Цаашид төрийн албан хаагчид гагцхүү хууль дээдлэх, улс төр, хувийн ашиг сонирхлоос ангид, ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар үнэн бодит мэдээллийг тухай бүр нь өгч байхын чухлыг тэмдэглэв.

Төрийн албан хаагчид мэргэжил, ур чадвараа байнга хөгжүүлэн, бүтээмжээ сайжруулахын зэрэгцээ нийгмийг чиглүүлэгч, манлайлагч байхын төлөө  дор бүрнээ хичээж байхыг захив.

Төрийн тэргүүний хувьд орон нутагт төрийн алба хашиж байгаа хүмүүсийн цалин, нийгмийн халамж, баталгааг нь хангах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж, шаардаж ажиллана гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар анги болон Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *