Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ
2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 200,807,152 төгрөгийн үнийн дүн бүхий 517,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (+15.00%), Атар-Өргөө ХК (ATR +14.95%), Монгол шилтгээн ХК (MSH 14.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -6.65% ), Ган хийц ХК (GHC -5.17%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.34% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,549 ширхэг нэгж эрхийг 8,504,010 төгрөгөөр
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 285,300 төгрөгөөр арилжигдсан байна.
-Тавантолгой ХК-ийн 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 6,070,400 ам.доллар буюу 21,401,255,904 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.3 хувиар буурч, 37,330.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,678,497,246,173 төгрөг боллоо.
Өнөөдөр нийт 21,610,852,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
АМГТГ: 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд 351 нэмэлт өөрчлөлт оруулжээ (Bloombergtv.mn)
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд 351 нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа нь анх батлагдсан хуулийн үзэл баримтлалтайгаа тохирохгүй болсныг Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл мэдээлж байна. Эрдэс баялгийн тухай хуулиудад хуулийн давхардал, хийдэл нэмэгдэж зөрчил үүсгэдгийг салбарынхан гуравдугаар сарын 24-нд болсон зөвлөгөөний үеэр онцолж байлаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 16 орчим хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлдэг. Үүнээс гадна хувийн хөрөнгөөр геологийн хайгуулын ажилд зарцуулсан зардал 2018 оноос хойш буурсан үзүүлэлттэй байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны ашигт малтмал газрын тухай хуулиар сонгон шалгаруулалт болон өргөдлөөр хэн түрүүлж ирсэнд нь олгодог байсан бол 2018 онд хуульд зөвхөн сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгодог болжээ. 2022 онд хайгуулын 50 тусгай зөвшөөрөл олгож улсын төсөвт 14.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. 1997 оноос хойш 14 мянга гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, үр дүнд дэлхийн хэмжээний ганц ордыг илрүүлсэн нь Оюутолгойн орд байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 12.4 сая тн нүүрс борлуулжээ (News.mn)
Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод таван сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус компани нийт 1,188.0 сая ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ. Онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлжээ. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК баталсан төсвөөс долоон сая тноор илүү буюу 13.5 сая тн нүүрс экспортолж, улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн. Харин энэ оны төсөвт тус компанийг 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцоолжээ. Ийнхүү эхний хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрэв олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл тогтвортой байвал эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлого 300 орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой аж.
“TikTok”-ийн Гүйцэтгэх захирлын Конгрессын гишүүдэд өгсөн хариултууд нөхцөл байдлыг улам дордуулав
“TikTok”-ийн Гүйцэтгэх захирал Шоу Чу пүрэв гарагт АНУ-ын Конгрессын сонсголд оролцож, Төлөөлөгчдийн асуултад хариулсан нь тус сошиал платформын эсрэг чиглэсэн хууль тогтоогчдын байр суурийг төдийлөн өөрчилсөнгүй. Үүгээр зогсохгүй дөрвөн цагийн турш үргэлжилсэн түүний сонсгол “TikTok”-ийг АНУ-д хориглох тухай асуудалд улам “гал дээр тос нэмлээ” гэж шинжээчид үзэж байна. “Бидний болгоомжлолыг багасгахуйц ажил хэргийн тухай сонсоно гэж найдаж энд ирсэн. Гэвч одоогоор таны ярьсан зүйлсээс юу ч миний санаа зовнилыг арилгасангүй. Үнэнийг хэлэхэд таны мэдүүлэг хариулт өгөхөөсөө илүүтэй бүр ч олон асуулт гаргаж ирлээ гэж бодож байна” хэмээн Делавер мужаас сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгч Лиза Рочестер хэлсэн байна. Сошиал платформоо хятад эзэмшигчдээс хараат бус гэсэн Шоу Чугийн мэдэгдэлд эргэлзэж байгаагаа хууль тогтоогчид сонсголын үеэр нуухгүй байв. “”ByteDance” бол БНХАУ-ын Төрийн эзэмшдэг, эсвэл удирддаг компани биш” хэмээн тэрбээр өгүүлээд, “АНУ-ын хэрэглэгчдийн датаг гаднын зөвшөөрөлгүй нэвтрэлтээс бүрэн тусгаарлахаар идэвхтэй ажиллаж байгаа”-гаа тайлбарласан байна. Түүний хэлсэн бүхэн “TikTok”-той холбоотой санаа зовнилыг арилгахад хангалтгүй хэмээн төлөөлөгчид дүгнэж, тус үйлчилгээг АНУ-д хориглохыг дэмжсэн байр суурьтай хэвээр үлдсэн байна.
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна (Bloombergtv.mn)
“Apple” компани кино театруудаар цацагдах кинонууд бүтээхэд жилдээ нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ. Энэ нь тус компанийн стриминг үйлчилгээндээ хэрэглэгчдийг татаад зогсохгүй “Hollywood” дэх байр сууриа нэмэгдүүлэх зорилтын нэгээхэн хэсэг аж. Энэ онд кино театруудад цацагдах кинонууд дээр хамтран ажиллахаар “Apple” хэд хэдэн студитэй холбогдсоныг эх сурвалжууд онцолж байна. Тухайлбал: Леонардо Ди Каприогийн тоглосон “Killers of The Flower” кинонд хамтран ажиллаж магадгүй байгаа аж. Харин энэ талаар “Apple”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл өгөхөөс татгалзжээ. “Apple” компанийн бүтээсэн кинонууд өмнө нь ихэвчлэн стриминг платформ дээр шууд цацагдаж, цөөн тооны бүтээл нь л кино театруудаар цацагдаж байсан юм. Кино театруудад бүтээлээ түгээснээр компани “Apple TV+” үйлчилгээгээ илүү олон хэрэглэгчдэд таниулна гэж үзэж байгаа аж. “Apple TV+” үйлчилгээ одоогоор дэлхий даяар 20-40 сая орчим хэрэглэгчтэй. Энэ нь “Netflix” болон “Disney+” зэрэг өрсөлдөгч нартай харьцуулахад багахан үзүүлэлт юм.